Tuesday, May 3, 2011

“Оюу толгой төсөл”-ийн гэрээний талаар МҮХАҮ-ийн танхимаас:

-Стратегийн орд газруудыг ашиглах эрхтэй компаниудыг нээлттэй хувьцаат компаний хэлбэрээр байгуулах.
-Стратегийн орд газруудад түшиглэн байгуулсан ХК-ийн “Алтан хувьцаа”-г Монгол Улсын Засгийн газар хугацаагүй эзэмшсэн байх.
-Стратегийн орд газруудад түшиглэн байгуулсан ХК-ийн хувьцааг 100 хувь Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалдаг байх.
-Стратегийн орд газрууд дээр түшиглэн байгуулагдсан ХК-иуд нь хөрөнгө оруулалтын зорилгоор саналын эрхтэй хувьцаа нэмж гаргавал Монгол улсын засгийн газрын эзэмшдэг хувь хэмжээг алдагдуулахгүйгээр үнэ төлбөргүй нэмж өгч байх зэргээр шинээр үүсэх компаниудын тулгуур нөхцөлийг бий болгон холбогдох үүсгэн байгуулалтын гэрээ хэлцлүүдийг хэрэгжүүлэх нь нийтийн эрх ашигт нийцнэ гэсэн дүгнэлт саналыг Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгойн төслийн гэрээг боловсруулах ажлын хэсэгт хүргүүлж байсан билээ.

Засгийн газар Оюу толгойн орд газрыг ашиглахаар Айвенхоу болон Рио Тинто-той Хөрөнгө оруулалтын гэрээ, Айвенхоутай хувь нийлүүлэгчдийн “нууц” гэх гэрээ байгуулахдаа дээрх зарчмыг огт баримтлаагүй төдийгүй УИХ-ын 2009 оны “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” 57 дугаар тогтоол, Монгол улсын олон хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, улс орны эдийн засгийн тусгаар тогтнолд бодитой аюул занал учруулж болохуйц гэрээ байгуулсан байна.

1. Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д заасны дагуу “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь Монголын хөрөнгийн биржээр хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг арилжих” ёстой. Энэ заалтын дагуу Стратегийн тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүгд хувьцаат компаний хэлбэртэй байх бөгөөд Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байх ёстой.

Гэтэл хуулийн энэ заалтыг хэрэгсэлгүй Оюутолгойн ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч Оюутолгой ХХК нь хаалттай компаний хэлбэртэй байхаар гэрээ байгуулсан. Үүнээс үүдэн ашигт малтмалын баялаг ордын ашиглалтын тусгай звшөөрөл эзэмшигч этгээд өөрийн хувьцааг нийтэд санал болгох үед үнийн өсөлтөөс олж буй асар их хэмжээний орлогын 34 хувийг Монголын тал хүртэх боломжгүй болгосон бөгөөд харин Оюутолгой ордын газрыг ашиглахаар Монголын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсаны дараа Торонто, Нью-Йоркийн бирж дээр Айвенхоугийн хувьцааны үнэ 4 дахин өсөж, 10 орчим тэрбум долларын хөрөнгө босгосон байна. Монголын засгийн газар үүний 34 хувийг эзэмшсэн бол олох байсан 4 тэрбум шахуу долларын орлогоо алджээ. Хэрвээ Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтыг мөрдсөн бол Айвенхоугаас жилийн 6,8 хувийн нийлмэл хүүтэй /улирал бүр өр болон түүний хүүг тооцоод дараагийн улиралд өмнөх улирлын хүүгээс хүү тооцох/ зээл авч өөрийн 34 хувьд оногдох санхүүжилтээ хийгээд олон жилийн турш ногдол ашгаараа хуримтлагдсан асар их хэмжээний өрийг төлсөөр байгаад гэрээний 30 жилийн хугацаа өнгөрөхөд 700,0 сая шахам долларын өртэй үлдэх /УИХ-ын дэргэдэх судалгааны газраас гаргасан тооцоогоор/ цөхцөл байдалд хүрэхгүй байсан билээ. Эндээс харахад Ашигт малтмалын тухай хуулийн ганцхан заалт болон МҮХАҮТ-ын дээрх дүгнэлт, саналыг хайхралгүй орхисон нь үндэсний эдийн засагт ямар их хэмжээний хохирол учруулж байгааг илэрхий харууллаа.

2. Айвенхоутай байгуулсан нууц гэгдээд байгаа хувь нийлүүлэгчдийн гэрээний 15.3(B) дэх заалтад Ашигт малтмалын тухай хуулийн 5.6 дахь заалтын дагуу компаний хувьцааны 10 хувийг Монголын хөрөнгийн бирж дээр гаргах асуудлыг зөвхөн Монголын тал хариуцана гэсэн Монголын талын энгийн хувьцааны эзэмшлийн хувийг 24 хувь болгон буулгаж, УИХ-ын 57 дугаар тогтоолоор баталсан “Оюутолгой ордыг ашиглах хөр өнгө оруулалтын гэрээний тухай тогтоолын 1-р заалтыг зөрчих нөхцөл бүрдүүлсэн.

3. Хувь нийлүүлэгчдийн гэрээний 10.2(B) заалтын дагуу аль ч үед энгийн хувьцааны нийт хөрөнгөд эзлэх жин 60 хувиас хэтрэхгүй гэсэн заалт нь Монголын талын эзэмшил компаний нийт хөрөнгөнд хамгийн дээд тал нь 20,4 хувь (60%*34%=20,4%) байх хязгаарлалт тавьж, УИХ-ын 57-р тогтоолын 1-р заалтыг зөрчих нөхцөл бүрдүүлсэн байна.

4. УИХ-ын 57-р тогтоолын 2-р заалт нь Засгийн газарт Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн байгуулах үүрэг өгсөн боловч Хөрөнгө оруулалтын гэрээний салшгүй хэсэг болох хувь нийлүүлэгчдийн гэрээ нь Монгол улсад хууль тогтоомжийг дараахь байдлаар зөрчсөн. Үүнд:

Хувь нийлүүлэгчдийн гэрээний 9,1, 10,1(a) заалтууд нь Компаний тухай хуулийн 3,3, 33,1 дэх хэсгүүдэд тодорхойлсон хувьцаа эзэмшигчийн хөрөнгө оруулах үндсэн эрхийг хязгаарласан.

Хувь нийлүүлэгчдийн гэрээний 15,10 (г) заалт нь Монголын талын хувьцаа эзэмшил 50 хувьд хүрсэн тохиолдолд ч Айвенхоу майнз нь менежментийн эрхийг бүрэн хэмжээгээр, хязгаарлалтгүйгээр хадгалах бөгөөд компаний ТУЗ-ийн бүх хурал болон хувь нийлүүлэгчдийн бүх хуралд заасан асуудлаар шийдвэрлэх саналын эрхтэй байна гэж заасан нь Компаний тухай хуулийн 3,3, 33,1, 33,5 хэсгүүдэд тодорхойлсон хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааныхаа тоогоор санал өгөх үндсэн эрхтэй гэсэн зарчмын ач холбогдолтой заалтыг зөрчсөн.

Хувь нийлүүлэгчдийн гэрээний 6,2(a), 6.4(c) заалтуудын дагуу зөвхөн Айвенхоу майнз группын аль нэг компанийг маш өндөр төлбөртэйгөөр /гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш дээрх зардлын 6 хувиар/ менежментийн баг хэмээх нэр доор хөлслөх шардлага тавьсан нь Компаний тухай хуулийн 89 дүгээр зүйлийн заалтыг зөрчсөн сонирхолын зөрчилтэй хэлцэл болсон бөгөөд компаний нийт зардлыг маш их хэмжээгээр өсгөх, тэр хэмжээгээр Монголын талын өрийг өсгөхөд хүргэх заалт болсон. Эдийн засагчдын тооцолсноор зөвхөн 1 жилийн менежментийн хөлс гэгч нь Монголын бүх төрийн албан хаагчдын 2 сарын цалинтай тэнцэж байна.

Гэрээний 14.2(в) заалт нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21.8-д заасан Засгийн газрын бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй байхаар зааж мөн хуулийг зөрчсөн байна.

Гэрээний 15.10 (б) заалт нь УИХ-ын 57-р тогтоолын 3-т анхын хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааг 50 хувь хүргэх гэсэн заалтыг зөрчиж, энэхүү гэрээг анх удаа сунгасны дараа буюу 30 жилийн дараа хэрэгжүүлэхээр зохицуулж, уг заалтыг шууд зөрчсөн.

Хувь нийлэгчдийн гэрээний 15.6 (a)-д Оюу толгой төслийн хэрэгжих хугацаанд “Эрдэнэс МГЛ” компанийг 100 хувь төрийн өмчлөлтэй байна гэж заасан нь өмч хувьчлах тухай бодлогыг тодорхойлох талаар УИХ-ын хуулиар олгосон эрхийг хязгаарлах заалт болжээ.

Хувь нийлүүлэгчдийн гэрээний 5.2-т Компаний тухай хуулийн 12 дугаар бүлэг буюу Сонирхолын зөрчилтэй хэлцэл хийх журам тогтоосон хэсгийг хэрэглэхгүй байхаар компаний дүрэмд тусгана гэж заасан нь Компаний тухай хуулийг шууд зөрчсөн байна.

Түүнчлэн Хувь нийлэгчдийн гэрээг хөрөнгө оруулалтын гэрээний салшгүй хэсэг байхаар үйлдсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 29.4, 30.4 хэсгүүд, УИХ-ын 57-р тогтоолын 2-р заалтыг хэрэгсэхгүй байх нөхцөл бүрдүүлсэн. Мөн Хувь нийлүүлэгчдийн гэрээний 11.5(b)-д давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа бүрэн захиран зарцуулах эрхтэй байхаар заасан нь Монголын талтай Оюу толгой ордыг хамтран эзэмшигч этгээд нь анхлан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсанаас өөр этгээд болох, уг ордын хувь эзэмшлийн дийлэнх хувийг цаашид өндөр үнээр авах болон барьцаанд тавих боломжийг Айвенхоу-д олгосон байна.

Энэ бүхнээс дээрх хоёр гэрээний бүтэц болон агуулга нь УИХ-ын 2009 оны 57-р тогтоол болон Монгол улсын хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчсөн буюу хэрэгсэхгүй байх, Оюу толгой ордыг эзэмших Монголын талын хувь эзэмшлийг уусган багасгаж, уг ордын хяналтыг алдах, Монголын талын хувь эзэмшлийг хөрвөх чадваргүй болгож олон улсын зах зээл дээр хувьцааны үнэлгээний өсөлтөөс орлого хүртэх боломжгүй болгох, их хэмжээний өндөр хүүтэй зээлийг Монголын тал зөвхөн Айвенхоу компаниас авч, санхүүгийн хараат байдал үүсэх зэрэг ноцтой сөрөг үр дагавар дагуулж байгаа нь илэрхий байна.

Эдгээр гэрээгээр УИХ-ын шийдвэрийн болон Монгол улсын хууль тогтоомжийн дагуу хүртэх ёстой орлого эрс багсан, олон жилийн туршид ямар ч ашиг хүртэлгүй зөвхөн Айвенхоугаас авсан зээл, түүний улирал тутам тооцож хуримтлуулсан өрийг төлсөөр байх нөхцөл бүрэлдсэн байгаа нь Монгол улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эрх ашиг, эдийн засгийн хараат бус байдалд харшилж байгаа тул тус хоёр гэрээг эргэн харах, цуцлах хүртэл арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна.

МҮХАҮТ

No comments:

Post a Comment