Saturday, May 14, 2011

Хаант улсаас үзүүлсэн цэргийн тусламж

Цалин мөнгөний болон зэвсэг хэрэгслийн асуудал бригадын даргын эрх мэдэлд төвлөрч байсан нөхцөлд цэргийн цалин хөлс цаг хугацаандаа олгогдохгүй, ахуй амьдралын нөхцөл ядуу дорой, мөн дарга, сургагч нарын таарамжгүй ажиллагаа зэрэг нь монгол цэргийн сургалтад муугаар нөлөөлж, бригадад үймээн самуун үүсч, цэргүүд оргох, зайлахад хүрч байжээ.

Монголчууд, орос сургагч нарын хооронд ан цав гаргахад хүргэсэн бодит шалтгаан байсныг үгүйсгэх аргагүй. Хүн амаа сургах хэмээсэн Монголын засгийн газрын эрмэлзлэлийг Хаант Оросын зүгээс улс орноо милитарчлах эчнээ бодлого хэмээн сэрэмжилж, тусламжийн асуудалд алгуурлах болсноос монголчууд хөрөнгө санхүүгийн талаар гачигдаж байв. Монгол төрийн нэрт зүтгэлтэн Да лам Цэрэнчимэд “Анх улс төр нээх нь шинэ гэр барихтай адил элдэв хэрэглэх зүйл биш маш их үлэмж бөгөөд санд мөнгө цаасгүй учир их л чармайж байсан” тэр цагт Монголын засгийн газрын арвилан хэмнэхийг зорьсон санаа бодол, бодлого нь орос сургагч нарын цалин хөлсийг хэт өндөр тогтоосонтой бодитойгоор зөрчилдөж байв.

Хоёр улсын гэрээгээр “…Орос ноёд бүр cap тутам 500 цөлхөөв цаас, түшмэл хүн бүр 400 цөлхөөв, бус 13 түшмэл хүн cap тутам 350 цөлхөөв цаас, дарга нарын хүн бүр cap тутам 50 цаас олгоно.” гэж заасныг нийтэд нь тооцоолон үзвэл орос сургагч, дарга нарын зөвхөн нэг сарын цалин 8.450 рубль, жилдээ 101.400 pyi болж байгаа нь тухайн үеийн Монгол улсын батлан хамгаалах 1 жилийн зардлын гуравны нэгээс илүү хувийг эзэлж байсан аж. Үүн дээр орос дарга, сургагч нарын замын зардал, орон сууц, түлээ тулш зэрэг бүхий л зүйлийн зардал мөн нэмэгдэнэ.

Энэ бүхэн нь Монгол улсад ямархан хүнд байсныг бэлхнээ илтгэх бөгөөд бүх зардлын 1/3 илүү нь зөвхөн цалинд шингэж болох нөхцөл нь цэргийн хангалт, сургуулийн материаллаг баазын тухай ярих нь бодит байдлаас хазайсан хэрэг болох буй за. Дээрх нөхцөл шалтгааны улмаас монголчууд сургагч нарын тоог цөөрүүлэхийг хүсч, уг асуудлыг хоёр талын аль алинд нь ашигтайгаар шийдвэрлэхийг зорьж байв. Монгол дахь Оросын элчин төлөөлөгчийн 1914 оны 1 дүгээр сарын 16-нд илгээсэн нууц цахилгаан утсанд сургагч урих тухай гэрээнд гарын үсэг зурахаас өмнө тэдний цалинг хэт өндөр тогтоосонд монголчууд дургүйцэж байгаа тухай өгүүлсэн бол удалгүй уг асуудлаар монголчуудын байр суурийг сонин, хэвлэлээр ч мэдээлэх болжээ.

Улмаар Хаант Оросод албан ёсны айлчлал хийж байсан ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн, Оросын гадаад яамны сайд СД.Сазановтой уулзахдаа Монголд Оросын цэргийн сургагч нарыг явуулахгүй байх асуудлыг хөндсөн бөгөөд нэг жилийн хугацаатайгаар сургах орос ноёд 6, цэрэг 16 бүгд 22 хүнийг багш болгон авахаар заажээ.

Тэдгээр багш нарын цалин, тэтгэвэр, орон сууц, түлээ түлш, хичээлийн хэрэгсэл зэргийн 1 жилийн зардал 58.400 рублийг Монголын тал дамжуулан Нийслэл Хүрээн дэх Оросын консулаар төлөхөөр тохиролцсоноос зөвхөн цалин 38.400 рубль болно. Дээрх 2 баримтаас харахад сургагч нарынхаа цалин хөлсийг ийнхүү өндөр тогтоосон нь Хаант Оросын өөрийнх нь зээлээр амьдрахад хүрсэн монголчуудад хүнд туссан нь ойлгомжтой.

Гэхдээ дан ганц үүнээс болж санхүүгийн бэрхцюэл учирч, цэргийн зардал хомсдож байсан гэвэл үнэнд нийцэхгүй. Учир нь төлөвлөсөн хөрөнгөний хомсдолд хүргэсэн нэг гол хүчин зүйл нь Монголын эрх баригсдын өөрсдийнх нь үрэлгэн зан, төсвийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулж байсныг тэмдэглэх ёстой. Ганцхан жишээ татахад Хаант Оросоос 1912 оны 11 дүгээр сард анх удаа 10 жилиин хугацаагаар хүүгүй зээллэг өгсөн 100.000 рублийг зөвхөн цэргийн хэрэгт зориулах ёстой байсан атал бүгдийг нь Мэгжиджанрайсаг бурхан бүтээхэд зарцуулж байжээ.

Дээр дурдсан бүхий л учир шалтгааны улмаас Монгол улс санхүүгийн бэрхшээлээс үл ангижирч, улс оронд хийгдэж байсан шинэтгэл дутуу дулимаг болж, улмаар тасалдан зогсоход хүрсэний жишээ нь Монгол бригадын тухай асуудал юм. Гэхдээ Орос багш нарын туслалцаатайгаар монгол цэргийг сургах асуудал бүрмөсөн тасраагүй бөгөөд 1916 оны 10 дугаар сарын 10-нд урьдах гэрээний хугацааг сунгах тухай гэрээ байгуулж, Монголыг төлөөлж шадар сайд, Ерөнхий сайд, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн, гүн Цэрэндорж, Сангийн хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд, гүн Лувсанбалдан, Орос улсын талаас элчин сайд А.Орлов нар гарын үсэг зуржээ.

Энэхүү гэрээгээр 1917 оны 8|дугаар сарын 1-нээс 1918 оны 8 дугаар сарын 1 хүртэл 1 жилийн хугацаагаар Монголын 400 цэргийг сурган 6onoBcpWiaxaap орос цэргийн түшмэд 3, цэрэг 12-ыг багшаар урихаар тохирчээ. Гэрээг дууссаны дараа Дэргийн яамнаас орос сургагч нарын ахлагч П.М.Молтыпин, А.Орлов, буриад Абидеев нартай хэлэлцэн тохирч морьт цэрэг 100, үхэр бууны 50, явган цэрэг 50, бүгд 200 цэргийг сурган боловсруулахаар дээр нэр дурдагсдыг монгол сургагч 12-ын хамтаар багш болгон 1918 оны 10 дугаар сарын 1-нээс мөн нэг жилийн хугацаатай гэрээг 1918 оны 10 дугаар сарын 22-нд байгуулан цалин хэрэгсэл, хангалтын асуудлыг тохирчээ.

Гэвч дэлхийн I дайн, дотоодын хувьсгал, самуунд автагдсан Oрoc улс бусдад цэрэг-санхүүгийн тусламж үзүүлэхэд хүндрэлтэй болсон, нөгөөтэйгүүр Монгол орон удалгүй хятадын эрхшээлд орсрн зэргээс шалтгаалан дээрх гэрээнүүд хагас дутуу биелэгдэж, олигтой үр дүнд хүрээгүй аж.

Олноо өргөгдсөн Монгол улсын засгийн газраас орчин цагийн цэргийн эх суурийг тавих зорилтыг хэрэгжүүлэхдээ Манжийн ноёрхлын үед хэрэглэж байсан нум сум, жад, цахиур буу, мэтийн дундад зууны үеийн зэвсэглэлийг халж, винтов, пулемёт, их буу зэрэг орчин үеийн зэвсгийг монгол цэргийн зэвсэглэлд нэвтрүүлэхийг зорьж байв. Нөгөөтэйгүүр Өвөрмонгол дахь үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг дэмжиж 1913 оны 11 дүгээр сард 5 замын цэрэг мордуулсантай холбогдон зэвсгийн хэрэгцээ шаардлага онц чухлаар тавигджээ.

Улс орны дотоодод зэвсэг хэрэгсэл хийхээ больсоор он удсан тухайн үед зэвсэг хэрэгслийн хангалтыг зөвхөн гадны тусламжаар шийдэх боломжтой байлаа. Иймд Монголын засгийн газрын удаа дараагийн айлчлал, хэлэлцээрийн явцад тавьж байсан гол хүсэлтийн нэг нь зэвсгийн тусламж авах асуудал байв. Анхны тусламжийг 1911 оны 11 дүгээр сард авчээ. Монголын тусгаар тогтнолын хэрэгт тус дэм олохоор хаант Оросод очсон Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, гүн Хайсан нарын үйл ажиллагааны дүнд мөн оны 10 дугаар сард Оросын Цэргийн яамны сайдаас монголчуудад дамжуулах зорилгоор 15.000 винтов, 7,5 сая сумыг Эрхүүгийн цэргийн тойрогт шилжүүлэх зааврыг өгсөн ба улмаар 11 дүгээр сарын эхэнд уул бэлтгэсэн зэвсгийг нэмэгдэл 15.000 сэлэмний хамтаар Монголын талд хүлээлгэн өгчээ.

Уг зэвсгийг хэрэглэсэн анхны үр дүн нь Халх монголчууд Манжийн ноёрхлыг түлхэн унагаасан явдал боллоо хэмээн тухайн үед Нийслэл Хүрээнд байсан Оросын консулын хэргийг хамаарагчаас мэдэгдэж байв. Зэвсгийн тусламж авах асуудал цаашид улам ч шаргуу тавигдсан гэлтэй. 1912 оны эцсээр Гадаад яамны сайд, Чин ван Ханддорж тэргүүтэй Монголын төлөөлөгчдийн хэлэлцээрийн үр дүнд (1913.1.15-17) 5 их буу, 10 пулемёт, нагаан, маузер зэрэг цөөн зэвсэг авахаар тохирсон хэдий ч улс орныхоо түгшүүртэй байдлыг тооцож, “Их буу 32, пулемёт 65, винтов 10.000 гаруй…” даруй авах хүсэлтийг Оросын тал хүлээж аваагүй аж.

Цаашид Хаант Орос Монголд мөнгө зээл олгох, зэвсэг нийлүүлэх хэрэгт нэлээд цааргалах болж, улмаар зэвсэг өгөх, авах асуудал бараг жил шахам үргэлжилсэн ч монголчууд хүссэн зэвсгээ авч чадахгүй байв. Энэ үед монголчууд оросын сүүлийн үеийн хийцийн винтов, нэлээд боловсронгуй болсон пулемёт, буудлагын зэвсэг авахыг сонирхож байсан боловч оросууд Нийслэл Хүрээн дэх Оросын элчин төлөөлөгчийн газар “…Оросын сүүлчийн загвар монголчуудад огтхон ч тохирохгүй, учир нь монголчууд тэрхүү винтов буутай харьцаж сураагүй, чаддаггүйн улмаас тун удалгүй эвдэрч хэрэгцээнээс гардаг” гэдгээр цааргалан пулемёт, их буу, нисэх онгоц нийлүүлэхээс татгалзсан ба чингэхдээ урьд авсан зэвсгийн нэлээд нь Өвөрмонголд илгээгдсэнийг ч мөн харгалзан үзэж байжээ.

Ийнхүү хаант Орос өөрийн зүгээс зэвсэг нийлүүлэхдээ элдвээр цааргалах явдал үзүүлэхийн хамт монголчууд бусад улсаас зэвсгийн тусламж хүсэх явдалд ихээхэн хяналт, хориг тавьж, зарим тохиолдолд шахалт үзүүлэхийг оролдож байжээ. Тухайлбал, хаанаас, хэнээс, ямар зэвсэг авч байгаа талаар мэдээлэл олох зорилготой тагнах агентуудыг илгээж байсан тухай Японы сонинд мэдээлсэн байдаг бол Хүрээний засгийн газраас Германаас зэвсэг авахаар тохирсныг Орос-Монголын гэрээний заалтыг зөрчсөн хэмээн үзэж, зээлээр олгосон 2 сая рублийг даруй буцааж өгөхийг шаардаж, уг шаардлагыг эс биелүүлсэн нөхцөлд Хиагт, Хүрээ хоёрын хоорондох газрыг Оросын нутаг болгон өгөхийг тулгаж байсан байх юм.

Ерөөс Оросын тал “Бусдаас буу авч үл болох…” тухай Монголын төлөөлөгчдөд ч анхааруулж байсан удаа бий. Ийнхүү хаант Орос гэрээгээр хүлээсэн үүргээ умартаж, Монголын асуудалд өрөөсгөл хандах болсны улмаас зэвсэг өгөх, авах асуудалд ихээхэн бэрхшээл учирч, энэ тухай мэдээ ч олны сонорт хүрчээ.

“Русскийинвентарь”сонин Орос-Монгол, Монгол-Хятадын харилцааны асуудлыг шүүн тунгаасны үндсэн дээр “…Орос өөрийн ганхсан нэр төрөө сэргээхийн тулд ногдсон үүргийнхээ дагуу монголчуудад туслах цаг болжээ. Юуны өмнө Оросын өөрийн агентуудаар дамжуулан гадаадаас зэвсэг худалдан авахад зориулан зарж буй үлэмж зардлаас монголчуудыг ангижруулах, улмаар буу сумыг улсын үнээр олгох, хамгийн гол нь түүнийг яаравчлан хүргэх явдлыг монголчуудад санал болгох ёстой.

Тийм санал үг хэлээр бус үнэн хэрэг дээр биелбэл монголчуудаас бидэнд итгэх итгэлийг буй болгож байгаа юм. Монголчуудтай ойртохын тулд эхэлсэн бүх зүйлээ амьдралд хэрэгжүүлэх нь чухал…” хэмээн бичиж байсан нь Алс Дорнодод дайны аюул ойртсон үед монголчуудтай эв түнжинтэй байх нь Оросод хэчнээн чухлыг давхар сануулсан хэрэг байлаа.

Тийм ч учраас Монголын талын удаа дараагийн хүсэлтийн дагуу “…үхэр буу 6, сум 3 мянга, пулемёт буу 4, сум 400 мянга, винтов буу 2 түм, сум 20 саяыг тус тус өгөх ба хагас үнийг бэлэн өгөөд, хагас хувийг бууг хүлээн авсан өдрөөс нэг жилийн дотор төлж дуусгах…” тухай тохирч зэвсэг авсан байна. Үүгээр Оросоос Монгол улс зэвсэг авах асуудал дуусгавар болсон гэлтэй. Нийтдээ Оросоос 5.1 сая рублийн мөнгөн зээл ба 3 удаа зэвсэг авсан аж.

Гэвч 1914 оны 6 дугаар сарын 28-нд эхэлсэн дэлхийн I дайнд Австри, Герман, Орос, Франц, Англи зэрэг томоохон гүрнүүд татагдан орсон нь Монгол дахь нөлөөний хүрээний төлөө явуулж байсан Хаант Оросын тэмцэл хойшлогдож, түүнтэй хамт хоёр улсын хоорондын гэрээгээр зохицуулагдах олон асуудлууд, түүний дотор бидний өгүүлэн буй зэр зэвсэг, зээл авах асуудал ч нэгэн адил орхигджээ.

Ийнхүү хүчний зарчим ноёрхож байсан нөхцөлд хаант Орос нь Монголын асуудлаар эрээнтэй, бараантай бодлого баримталж, үндэсний эрх ашиг, гадаад бодлогынхоо чиг шугамаас хамааран даралт, шахалт үзүүлж байсан хэдий ч тусгаар Монгол улсыг байгуулах болон түүний зэвсэгт хүчнийг бүрдүүлэхэд туслан дэмжсэн түүхтэй. Хаант Оросын тусламжийн зэвсгийн хүчээр монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан төдийгүй элэг нэгт Өвөрмонголын ард олны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг дэмжих байлдааны ажиллагаа явуулахдаа ч ашигласан билээ.

Орос сургагч нар монгол цэргүүдийг боловсронгуй зэвсэг хэрэгсэлтэй танилцуулж, тэдэнд орчин цагийн цэргийн анхны мэдэгдэхүүн олгож байлаа. Тэдний эрхэлсэн монгол цэргийн сургалт олон зүйлийн учир шалтгааны улмаас хагас дутуу хэрэгжиж, хөгжилтэй орнуудын төвшинд хүрч чадаагүй ч байнгын сургалтыг нэвтрүүлснээр ач холбогдолтой болжээ.

Энэ бүхний дүнд Олноо өргөгдсөн Монгол улсад байнгын цэргийн эх үүсвэр тавигдсан гэж үзэх бүрэн үндэстэй. Нөгөөтэйгүүр 1911 – 1918 онд Монголд ажиллаж байсан орос сургагч нарын дунд дэвшилтэт үзэлтнүүд цөөнгүй байсан нь Монголын нийгмийн харыдангуй зохион байгуулалттай, идэвхтэй хэсэг болох цэргийнхний дунд ардчилсан үзэл дэлгэрэхэд зохих нөлөө үзүүлсэн бөгөөд чухамхүү Олноо өргөгдсөн Монгол улсын цэргийн дотроос 1921 оны хувьсгалын зэвсэгт хүчний гол цөм бүрэлдсэн билээ.

ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (PhD), профессор Н.Хишигт
Эх сурвалж: “Соёмбо”

No comments:

Post a Comment