Monday, May 16, 2011

Зарчимд тулгуурласан манлайлал

Стивен Кови

НӨӨЦИЙГ ИЛРҮҮЛЭХ НЬ

Тухайн үед Ньютон эдүгээ болтол ач холбогдлоо алдаагүй байгаа механикийн болон таталцлын хуулиудыг түгээмэл онол болгон нэгтгэн дүгнэсэн билээ. Гэхдээ атомд асар их энерги байдгийг Альберт Эйнштейн (1879-1955) аугаа нээлтээ хийх хүртэл нийтээр мэддэггүй байв. Тэрбээр харьцангуйн онолдоо бодис хийгээд энерги нь бие биеэсээ салангид тусдаа байдаггүй, харилцан бие биеэ орлож байдаг гэдгийг тайлбарласан бөгөөд цаг хугацаа, орон зай, масс, хөдөлгөөн болон дэлхийн таталцлын тухай шинэ номлолууд нь шинжлэх ухаанд жинхэнэ хувьсгал хийсэн юм.

Эйнштейн “Намтарчилсан тэмдэглэлүүддээ” “Ньютон та, намайг өршөөгтүн. Та бол танай эрин үеийн зөвхөн хамгийн хүчирхэг оюун ухаантай хүнд л заяах цорын ганц тэрхүү замыг олсон хүн. Таны онол номлолууд эдүгээ хүртэл бидний бодит төсөөлөлд зонхилж байна. Гэхдээ аливаа юмс үзэгдлийн харилцан уялдааг илүү гүнзгий ойлгохыг хүсч байгаа бол бид таны үзэл онолыг дам туршлагын хүрээнээс улам алслагдсан өөр бусад онолоор солих шаардлагатай болоод байна” гэж бичсэн байдаг.

Хүний нөөцийг хөгжүүлэх аливаа хөтөлбөрийн зорилго нь өчүүхэн жижиг атомыг задлахад асар их энерги гардагтай нэгэн адил хүмүүсийг хөгжил цэцэглэл, өөрчлөлтийн үйл явцад татан оролцуулах замаар тэдний аугаа их бүтээлч эрч хүч, нөөцийг илрүүлэх явдал байх ёстой.

Зарчимч манлайлал нь хувийн зүгээс үзүүлэх тус дөхмийг ухаарах мэдрэмж хүний дээд сэдэл тэмүүлэл байдгаас үүдэлтэй. Ингэхдээ хүмүүс байгууллагын тодорхой нөөц боломжуудын төлөө хариуцлага хүлээдэг хамгийн үнэт актив, харин хариуцлага нь бусад бүх активыг нээх, хөгжүүлэх, захиран зарцуулах хөшүүрэг мөн. Аливаа хүнийг нөхцөл болзлоор хязгаарлагдсан золионы амьтан, шатрын хүү бус харин аугаа их ололт амжилтанд хүрч чадах чөлөөт бие хүн гэж үздэг.

Энэхүү парадигмын үүднээс сургалтанд хандах хандлага нь үр дүнд бус харин үйл явцад чиглэдэг. Зохион байгуулалттай хөгжлийн үйл явц гэдэг бол нэгд, мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийх, хоёрт, тэргүүлэх зорилтууд, үнэт зүйлс болон зорилгыг сонгох, гуравт, сонголтын хувилбаруудыг илрүүлж, үнэлэх, дөрөвт, практик үйл ажиллагааг сонгон, төлөвлөх, тавд, үр дүнг анхдагч зорилгуудтай харьцуулж үзэх явдал мөн.

Хөгжлийн дараагийн үйл явц нь сургалтын байнгын хөтөлбөрийн салшгүй хэсэг байх ёстой. Нэгдүгээрт, материалын агуулга, түүний мөн чанарыг сайтар ухаарч, юуны өмнө үндсэн зарчмуудыг ойлгохыг хичээ. Хоёрдугаарт, олж авсан мэдлэгээ зузаатгаж, түүнийгээ өөрийн үзэл санаагаар баяжуул. Гуравдугаарт, сурч мэдсэн зүйлээ бусдад зааж өгч, өөрчлөлтийн ерөнхий нэр томъёог гарган, ойр тойрны хүмүүсийнхээ тухай төсөөллийг өргөжүүл. Дөрөвдүгээрт, зарчмуудыг тодорхой нөхцөл байдалд хэрэглэ. Тавдугаарт, үр дүнг ажиглан хяна.

Ийм аливаа өсөлт нь хөгжлийн шатчилсан үйл явцаар тодорхойлогддог. Удирдлагын зарчимд сургах ийм үйл явц нь хүмүүсийг урьдын бодол төсөөлөл, хуучин дадал зуршлын дөнгөнөөс чөлөөлж, дотоод сэдэл тэмүүллийг нь дэмжин бататгадаг. Байгууллагын ажилтнууд ийм байдлаар суралцвал өөрсдийн бүтэц, тогтолцоо, хэв маягийг үнэт зүйлс, үүрэг зорилгодоо улам илүү нийцүүлэх аргыг олж чадна.

СААД ТОТГОРЫГ ГЭТЛЭН ДАВАХ ХӨТӨЛБӨРҮҮД

1947 оны 10 сарын 14-нд нисэгч Чак Йегер дууны хязгаарын үл үзэгдэх ханыг нэвтэлснээрээ дуунаас хурдан нисэх хүчний эрин үеийг тунхагласан хүн. Дууны хязгаар бол давагдашгүй зүйл мөн хэмээсэн “үнэмшилтэй гэрч нотолгоо” зарим нэг аугаа эрдэмтэд байжээ. Нөгөө бусад нь болохоор дууны хурдын хязгаарт (Махын тоо) хүрмэгц нисэгч, нисэх онгоц хоёрын аль нэг нь зад үсрэх эсвэл нисэгчийн хоолой ам нь сөөх юмуу нас нь богиносох, эс бөгөөс бүр тэвчихийн аргагүй хүнд ачаалалтай болно гэж үзэж байлаа. Гэлээ гэхдээ тэрхүү түүхэн өдөр Йегер “Белл Х-1″ хэмээх нисэх онгоцоор нисч, хурдыг нь цагт 700 бээрт (Махын тоогоор 1,06-д) хүргэж чадсан юм. Түүнээс гурван долоо хоногийн дараа тэрбээр хурдаа Махын тоогоор 1,35-д хүргэж, дахиад зургаан жилийн дараа ер бусын их буюу цагт 1612 бээрийн хурдтай (Махын тоогоор 2,44) нисч, дууны хязгаар давагдашгүй хэмээсэн домгийг эгнэгт замхруулсан билээ.

Тэр өөрийн намтарт бичихдээ, “Намайг хурдаа нэмэх тоолонд онгоц маань төдий чинээ зугуухан нисч байлаа. Гэнэт хартал хянах самбарын хурд 0,965-д хүрээд, баруун тийш хэтрэн заалтын хязгаарт тулсан байв. Би нүдэндээ итгэсэнгүй! Бид дуунаас хурдан горимоор ямар ч саадгүй хурдалж байсан. Би гайхан биширсэн. Сэтгэл түгшин удтал хүлээсний эцэст дууны хурдны хязгаарыг даван туулснаар нэг ёсондоо сэтгэл уужирч билээ. Энэ үүрэг даалгаврыг үнэхээр амжилттай биелүүлэх ёстой байсныг хожим нь би ойлгосон. Учир нь хурдны жинхэнэ хязгаар тэнгэрт бус харин бидний мэдлэг, дуунаас хурдтай нисэх гэсэн хүлээлтэнд байсан юм” гэжээ.

Дууны хязгаарыг даван туулсан ч гэлээ бид хөгжил дэвшлийн замд учирч буй бэрхшээлүүдээс хүний зүгээс учирдаг хамгийн айхтар саад тотгор мөн хэмээн олон хүн үзэж буйг бас ойлгож мэдсэн билээ. Олон менежерийн хувьд хүний саадыг гэтлэн давна гэдэг бол хэдэн арван жилийн өмнө нисэх хүчний инженерүүд дууны хурдын саадыг давах гэж зүдэрч байсантай адил тийм хүнд бэрх зорилт болж байна.

Яагаад гэвэл, хүмүүсийг давуу тал юмуу активууд гэхээсээ илүү түвэг дараа хэмээн гол төлөв үзэж байна. Тийнхүү бага хэмжээний бүтээмжийг байгууллагын бүтэц, тогтолцоо, дэг журам болон үйл явцад голдуу эхлээд программчилдаг. Зарим захирлууд нэг хөдөлгүүртэй болон сэнсэн хөдөлгүүрт пүүсүүдээр нам өндөрт, бага хурдтай нислэг хийхдээ өндөр ашиг олох гэсэн ялимгүй санаархал нь хяналтаа алдаж, сүйрэхэд хүргэж болзошгүй гэдэгт итгэлтэй байдаг.

Нөгөөтэйгүүр бэлтгэл сайтай, зоримог цөөн тооны менежер хүний саад тотгор гэгчийг даван туулж, үр ашгийг тав биш бүр 500 хувиар өсгөх бүрэн бололцоотойг нотлон харуулсан байдаг. Ингэхдээ тэдний хоолой ам нь сөөж, нас нь богиносч сүйд болсонгүй, харин ч өндөр үр ашиг бүхий нэртэй пүүсүүдийн ажилтнууд эрүүл саруул, аз жаргалтай байдаг. Өөрсдийг нь байгууллагын хамгийн үнэ цэнэтэй нөөц хэмээн үзэж ханддаг болохоор тэд хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэн, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах талаар үлэмж амжилтад хүрэхийн тулд бие биедээ туслан дэмжиж байдаг. Тэд бас “дуунаас хурдан” удирдах зарчим, практик аргуудад суралцахыг хичээж, ойр тойрныхоо хүмүүсийн хүч нөөцөд итгэдэг.

Сургалт явуулах, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрүүд нь компанийн алсын хараа, үүрэг зорилго, зарчмуудаас урган гарах ёстой. Тэдгээр нь хүмүүст ой санамж биш харин бодол төсөөллөө баримжаалан тодорхой чиглэлд зоримог нисч, хөвж, алхах, айдас хүйдэс, өнгөрсөн үеийн бүтэлгүйтлээ даван туулах урам зоригийг өгөх учиртай. Үр ашгийг дээшлүүлэх талаар дорвитой үсрэлт хийх, дадал дүйгээ сайжруулах, зуршсан хэв загварт эрс ахиц гаргах нь олон хүмүүс хийгээд байгууллагад чухал шаардлагатай зүйл. Эс тэгвээс бүх зүйл бахь байдгаараа үлдэнэ.

Зарчимд тулгуурласан манлайлал
Стивен Кови

ӨНГӨРСӨН ҮЕИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ДАВАН ТУУЛАХ НЬ

Хуучин дадал зуршлыг өөрчилж, шинийг олж авах зорилгоор өдөр тутам хувийн амжилт гаргахын тулд саад бологч хүчийг даван туулж, хөдөлгөгч хүчийг ашиглаж сурах хэрэгтэй.

Өнгөрсөн үеийн эсэргүүцлийг даван туулна гэдэг бол зохих хэмжээгээр өөрийгөө таньж мэдээд, тодорхой зорилго тавих тухай асуудал мөн. Та өөрийнхөө хэн болох хийгээд юунд зорьж чиглэж байгаагаа мэдэж байх учиртай. Үр ашиг базаахгүй байдгийг зохион байгуулалт тааруу, тэргүүлэх зорилтуудыг зөв тодорхойлж чадаагүйгээр заримдаа тайлбарлаж болох юм. Шийдэмгий байдал дутмаг байх аваас түүнийг сэтгэлийн тэнхээ, оюун санааны төвлөрөл, нөхцөл байдлын аясаар түвэггүй засч залруулж болдог.

Өндөр бүтээмжтэй хүмүүс ихэд уян хатан байдаг. Тэдний төлөвлөгөө өөрсдөд дарамт учруулах бус харин тус нэмэр болдог. Тэд төлөвлөгөөгөө долоо хоногоор зохиож, түүнд өдөр тутам дасан зохицдог. Тэд төлөвлөгөөгөө шалтаг гармагц л өөрчлөөд байдаггүй, сэтгэлийн хямрал, нөхцөл байдалд автдаггүй, дотоод сахилга, сэтгэл санааны төвлөрлөө харуулж чаддаг. Тэд үндсэн цагаа төлөвлөлт, төслүүд болон бүтээлч ажилдаа зориулдаг бөгөөд ядарч алжаасан үедээ тийм ч нарийн түвэгтэй бус асуудлуудаа шийдвэрлэдэг. Тэд бичиг цаасны ажилтай зууралдахыг хүсдэггүй бөгөөд нэг баримт бичгийг хэрэв төлөвлөсөн практик алхмуудтай нь холбогдолгүй бол л нэгээс илүү удаа авч үзэхээс зайлсхийдэг.

Би сахилгыг үүрэг амлалт авах болон биелүүлэх чадвар хэмээн тодорхойлох байна. Энэ нь өнгөрсөн үеийн эсэргүүцлийг даван туулах хөшүүрэг мөн. Бид ажлаа бага зүйлээс эхлэхдээ чин шударга байх мэдрэмж, хүлээсэн үүрэг амлалтаас биелүүлэх чадварыг аажмаар өөртөө хөгжүүлж болох юм. Чигч шударга байх мэдрэмж нь яваандаа сэтгэлийн хөөрлөөс ч илүү хүчтэй болдог. Чухам тэр үед л бид амласнаа ажил хэрэг болгож чадна.

Амласан зүйлүүдээ бичиж тэмдэглэж аваад ойр дэргэдээ байлгах нь хэзээ ямагт ашиг тустай. Саяхан би долоог дадал дүйг зохион байгуулагч хэмээх тусгай багаж хэрэгслэлийг боловсрууллаа. Үүрэг, зорилгоо бичиж тэмдэглэн авдаг байх нь бидний шийдэмгий байдлыг бататгаж, авсан амлалтаа биелүүлэхэд цаг зав, бусад нөөцөө зориулахыг бидэнд сануулж байдаг.

Бие лагшин тань ямар байгаагаас хамаарахгүй өглөө болгон яг нэг тодорхой цагт босч байх амлалтыг өөртөө аваад ажиллаад үз! Тэгвэл амласан зүйлээ биелүүлэх зарчимд ямар их эрч хүч байдгийг та олж мэдэх болно. Тэгснээр жинхэнэ амжилтын үндэс болох өөрийн үнэлгээ, хувь хүний нэг зангаараа байх шинж чанар дээшилнэ.

ГУРВАН АУГАА ХҮЧ

Дэлхийн гадаргаас тасарч, таталцлын хүчийг даван туулахад олон сая километр зам туулан нисээд буцаж ирснээс ч илүү их хүч шаардагддагийг бид сансар судлалаас мэднэ.

Үүнтэй яг адил бид шинэ зан төлөвт шилжиж эхлэхийн тулд ихээхэн цаг хугацаа, хүч чармайлтыг зарцуулдаг. Хуучин дадал зуршлууд асар их татах хүчтэй. Идэж уухаа хэтрүүлэхгүй хэмээн бид хичнээн олон амлаж байвч маргааш нь энэ байдал дахиад л давтагддаг. Ажил хэргийг хойш тавьдгаа больж, хэдийнэ биччихсэн байх ёстой захидлаа бичиж, эцэст нь нэлээд чухал боловч тийм ч яаралтай бус асуудалд шилжье хэмээн өөртөө амлаж болох юм. Бидний шийдэмгий байдал төдөлгүй алга болж, дараа нь буцаж няцах л гэж авсан мэт амлалтаа умартдаг нөгөөх л муу зуршил маань давтагддаг. Ингэснээр эцэстээ өөртөө амлалт аваад байхын хэрэг байна уу даа хэмээсэн эргэлзээ бидэнд төрж эхэлдэг.

Муу муухай уламжлалаа хэрхэн орхиж, ашиг тустай дадал зуршлыг төлөвшүүлэх вэ? Ямар нэгэн зүйлийг тунхаглах, баригдахын аргагүй байсан барилгын суурийг тавихыг бид хүсч байгаа бол юуны өмнө тухтай сууж, бүх зүйлийг бодож тооцоолох хэрэгтэй. Эхэлсэн зүйлээ дуусгахгүй аваас бид өөрийгөө ойр тойрны хүмүүс болон өөрийнөө өмнө инээдэмтэй байдалд оруулна. Бид гараагаа хангалттай эрч хүчтэй эхлэхийн тулд саад бологч хүчийг бүр анхнаасаа бодож тооцох ёстой.

Та бид хүчний талбайг судалж байсан. Тэндээс үзэхэд аливаа орчинд ямар нэгэн шинэ түлхэцийг сөрсөн лут хүч үйлчилж байдаг. Хэрэв та хуучин дадлаасаа салахыг үнэхээр хүсч байгаа бол ийм хүчийг бодолцох шаардлагатай. Та хоолны дэглэмээ өөрчлөхөөр шийдлээ гэж бодъё. Тэгвэл та цаг хугацаа, тухайн нэг газрыг сонгон авч, тэсч чадахааргүй байх тийм нөхцөл байдлыг онцлох хэрэгтэй. Энэ тохиолдолд та өөрт тань саад болж мэдэх юм бүхнээс зайлсхийж, харин бодож төлөвлөснөө хэрэгжүүлэхэд тус дөхөм болох юм бүхнийг дагаж мөрдөж болох юм. Хуучин дадал зуршлууд асар их татах хүчтэй. Тэр бүгдээс салж ангижрахын тулд ихээхэн сэтгэлийн тэнхээ хэрэгтэй. Заримдаа бүр чиг баримжаагаа үндсээр нь өөрчилж, зан байдлаа засч залруулах шаардлагатай ч болдог.

Бидний өөрсдийн шийдвэр зориг, сэтгэлийн тэнхээ хүрэлцэхгүй байх тохиолдол ч хаяа гардаг. Таныхтай адил төстэй асуудлуудыг шийдвэрлэдэг бусад хүмүүстэй эвсэн нэгдэх хувьсгагч хүч бидэнд шаардагдаж болох юм. “Нэрээ нууцалсан архичид” гэх мэт бүлгийнхний ололт амжилт дээр дурдсан эвсэн нэгдэгсдийн сүр хүчийг харуулж байна.

Гэхдээ өөрчлөгдөх бэрх. Өөрчлөгдөх, “үсрэлт хийх” шийдвэр гаргаснаараа бид шинэ дадал зуршил хараахан бэхжиж амжаагүй, хуучнаараа байх гэсэн хүсэл мартагдаагүй байгаа тийм үед өөртөө таалагдсан зүйлийг хийх “эрх чөлөөгөө” золиослохоос аргагүйд хүрнэ. Заримдаа дэндүү зүдэргээтэй байдаг ч бид муу зуршлаа орхихыг хичээдэг. Сансрын нисэгчид дэлхийн таталцлаас тасрах үедээ байгалийн их сүр хүчийг биеэрээ мэдэрдэгтэй адил бид ч бас өнгөрсөн үеийн эсэргүүцлийг гэтлэн давахдаа зарим нэг таагүй байдлыг тэсч гарах ёстой.

Идэж уух дур хүсэл, бардам зан, нэр төрд дурлах явдал хэмээсэн гурван айхтар хүч биднийг муу муухай зуршил руу чангааж байдаг.

- Нэгд, идэх уух дур, шуналд автах. Бид идэх уух хэмээсэн физиологийн дийлдэшгүй хүсэлдээ цаг үргэлж автдаг. Өдий төдий хүн ходоод хийгээд эрүүл бус зуршлынхаа боол болж байна. Ходоод оюун ухаан, бие махбодыг ноёлж байдаг. Ийм хүслээ өөгшүүлснээр бид бусдын хэрэгцээ шаардлагыг мэдэхээ больдог. Бид өөртөө бухимдаж, тэрхүү уур хилэнгээ ойр тойрныхондоо шалтгаантай, шалтгаангүйгээр гаргадаг. Тийнхүү бид хүсэл шуналдаа автснаар харилцааны түвэгтэй асуудлууд зайлшгүй гарч ирдэг.

“Илүү дутуу юманд шунах сэтгэлээ барьж дийлдэггүй хүн оюун ухаантайгаа зөрчилдөн, адгуусын зөнд автаж, өөрөө өөртөө уурсан, хоёр мөн чанараа зодолдуулдаг” хэмээн Вальтер Скотт хэлжээ.

-Хоёрт, бардам сэхүүн зан гаргах. Хэрэв ухаарал маань өөртөө итгэлтэй, айх аюулгүй байх мэдрэмжийг төрүүлэхгүй бол бид өөрийн бодгаль, нийгмийн толин дахь таатай тусгалаа эрэлхийлдэг. Бид өөртөө ямар харагдах нь бусад хүн бидний тухай юу гэж бодож байгаагаар тодорхойлогддог. Бид тэр хүмүүсийн таашаалд нийцэхүйцээр амьдралаа авч явахыг хичээдэг. Бид ойр тойрныхоо хүмүүсийн таашаалд нийцэх гэж хичнээн хичээгээд өөрийгөө төдий чинээ арчаагүй болохыг мэдэрч, улмаар биеэ зохисгүй авч явдаг. Ойр тойрны хүмүүсийн таашаал өөрчлөгддөг. Тэдний санаа бодол хувьсамтгай. Ийнхүү тоглоом тохуу хийж, дүр эсгэн, бардам ихэрхүү зандаа хөтлөгдснөөр бид өөрийгөө хуурч, аюул заналыг мэдэрч, хуурамч байр сууриа хамгаалдаг.

-Гуравт, нэр төрд дурлах, ихэрхүү зан гаргах. Нэр төрд сохроор дурлахдаа бид цаг хугацаа, авъяас билэг, эд хөрөнгөө хариуцлагатай хандлагын үүднээс авч үзэхийн оронд юуны өмнө өөрийгөө хүндлүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх, нэр алдар, өндөр байр суурь, эрх мэдэл олж авахыг хичээдэг. Нэр төрд дуртай хүмүүс авах, ашиглахын донтой байдаг. Тэд юм бүхнийг хувийн ашиг сонирхлын үүднээс хардаг. Тэдний нүдэнд хүн бүхэн өрсөлдөгч хэмээн харагддаг. Тэд хамгийн дотно хүмүүстэйгээ ч хүртэл өмч хөрөнгөд хандаж байгаа юм шиг харьцдаг. Тэд зорилгодоо хүрэхийн тулд залилан мэхлэх элдэв арга хэрэглэдэг.

Зарчимд тулгуурласан манлайлал
Стивен Кови

ХУВЬ ХҮНИЙ ӨДӨР ТУТМЫН АМЖИЛТ

Бид саад бологч хүчийг даван туулж, өөрийгөө өглөө эрт босдог болгож чадсанаараа тухайн өдрийн анхны ялалтаа байгуулдаг. Дараа нь бусад ялалтад шилжиж болох юм. Бяцхан ялалтууд их үйл хэргийн оргилд хөтөлдөг.

Өглөөний тэрхүү ялалт нь бэрхшээлийг даван туулах мэдрэмжийг бидэнд төрүүлж, улмаар тэр өдрийн турш тулгарах шинэ шинэ бэрхшээлийг гэтлэн гарах урам зориг өгдөг. Өөрийгөө ялснаар өдрийг эхлэх нь хуучин дадал зуршлаа орхин, шинийг төлөвшүүлэх аятайхан арга мөн.

Бид өөрийгөө сахилгажуулснаар юуны өмнө чухал бөгөөд амаргүй ажил хэргийг бүтээж, улам ихийг илүү сайн хийж гүйцэтгэх чадвараа нэмэгдүүлдэг. Тийнхүү бид сэтгэлийн хөөрөл, нөхцөл байдлын нөлөөгөөр бус харин өөрсдийн шийдвэр, зорилго, төлөвлөгөөний хүчинд төлөвшдөг.

Бид бүхэн өөрөө өөртэйгөө халз тулдаг. Ийм болохоор бүр эхлэхээс нь өмнө нийтийн тулаанд санаа бодлоо бодитой дасгах бололцоо бидний хэнд маань ч бий. Тийнхүү хожмын сорилтуудыг бодитой тохиолдох өдрөөс нь урьтаж биеэрээ амсах бололцоо бидэнд нээгдээд байна. Бид нэр төрд дурлах, амиа хичээх, базаахгүй шохоорхолд автах, хүлээц тэвчээргүй байх, хорон санаа өвөрлөх, хариуцлагагүй хандах зэрэг ааш араншинг бодит амьдралд гаргахаасаа өмнө дотоод бодол санаа, сэтгэхүйдээ дарж чадна.

Ингээд хожим нь нийтийн тулаан өрнөж, хийрхэл, даралт шахалтад өртөж эхлэхийн цагт бид зөв зохистой зарчмууддаа тулгуурлан ялалт байгуулах хангалттай хүчтэй болох болно. Талбарт гарахаасаа өмнө хувийн ялалтууд байгуулснаар бид хуучин дадал зуршлаасаа ангижран шинийг олж авах бас нэг хөшүүрэгтэй болно. Хувийн ололт амжилтууд байхгүйгээр нийтийн ялалт өнө удаан байхын аргагүй.

БИЕ МАХБОДДОО САНАА ТАВИХ НЬ

Хуучин дадал зуршлуудаас салж, шинийг олж авах нь зүрх-судасны тогтолцоо сайжруулахтай адил төстэй. Бид аль ч тохиолдолд биеийн тамирын дасгал хийхээс бүхнийг эхэлдэг.

Хүн хүч тэнхээнийхээ хэрээс илүү хурдан гүйж чадахгүй нь илэрхий. Хүч тэнхээг бид аажмаар хуримтлуулах ёстой. Аэробик бол амьд мэнд байх тогтолцоог шаардлагатай нөөцөөр хангахын тулд махбодын нөөц хүчийг аажмаар хуримтлуулах үзэл санаанд тулгуурласан идэвхитэй дасгалуудаас бүрдсэн хөтөлбөр мөн. Суудлын голдуу ажил амьдралтай хүмүүс биеийн тамираар хичээллэхээр гэнэт шийдэхдээ бие махбодод нь хүчилтөрөгч дутагдаж буйг олж мэддэг. Түүний зүрх – судасны тогтолцоо ахиухан хэмжээний хүчил төрөгчөөр амьсгалж чадахааргүй болсон байх бөгөөд хүчилтөрөгч ихээр дутагдах нь зүрхний элдэв өвчин тусах, тэр байтугай үхэлд ч хүргэж мэднэ.

Иймд сэтгэл хөөрлөө байнга, хэзээ ямагт, цаг тутам тогтвортой байлгаж, сэтгэл хямарсан үед сэтгэлийн тэнхээтэй байх нөөцийг хуримтлуулах нь зарчмын хувьд маш чухал.

Шинэ дадлыг төлөвшүүлье гэвэл аэробик нь танд 1) алс хэтийг олж харах, 2) тэрхүү хэтийн төлөвийн дагуу шийдвэр гарган, үүрэг амлалт авах боломжийг өдөр тутам бүрдүүлж өгнө. Хүмүүс тухайн агшинд урам зориг орох, юу болж байгаа болон болох ёстойг тэс хөндлөнгөөс харах чадвартай байдаг. Энэ мэдлэгийн үүндээс бид төлөвлөлт хийх, шийдвэр гаргахдаа цаг заваа зориулах нь чухал. Гетёгийн хэлсэнчлэн “Илүү чухал ажил хэрэг ач холбогдол багатай ажил хэргээс хамааралтай байж хэзээ ч болохгүй”. Нягт нямбай төлөвлөх нь хэтийн төлөвөө олж харах, зорилгоо тодорхойлох, тэргүүлэх зорилтуудын эмх цэгцтэй байлгах мэдрэмжээ сахин хамгаалахад бидэнд тус болдог.

ТАВАН ЖУРАМ

Хэрэв дараах таван дүрэм журмыг дагаж мөрдвөл та хүнд бэрх цаг үе, хэцүү сорилтуудыг тэсч гарах хангалттай эрч хүчийг олж авах болно.

-Биелүүлж чадахааргүй амлалтыг хэзээ ч бүү ав
-Амлалт авч, шийдвэр гарга, илүү сайн ажиллаж, илүү сайн сайхан болох үүргийг өөртөө хүлээж, тэр бүхнийгээ эрхэмлэн хүндэтгэдэг хүмүүстэйгээ хуваалц
-Өөрийгөө судалж, авч буй амлалтууддаа маш няхуур ханд
-Амлалтуудаа өөрийн нэгдмэл чанар, өөртөө итгэх итгэлийн хэмжүүр хэмээн үз
-Таны нэгдмэл чанар, биеэ барих чадвар бол бусад хүмүүстэй харилцахдаа амжилт олохын үндэс мөн гэдгийг сана.

Төгөлдөржих, жинхэнэ ёсоор өсч өндийх (эр зориг, зохистой мэдрэмж), нэг зангаараа байхыг зорьсон урт удаан замдаа урагш хол алхам хийхэд тань тус болох жирийн нэгэн арга бий. Тэр нь юу вэ гэвэл, шинэ дадал юмуу хүсэн хүлээж буй зан төлөвийг эзэмшихээсээ өмнө түр азнаж, өөрийгөө сорьж үзэх явдал мөн. Өөрийн нөөц бололцоог шалгаж үзээд дайчил. Оюун ухаан, зүрх сэтгэлээ хөвчил. Өөрийн хандлагыг сонго. Өөрөөсөө “Ийм үед яавал хамгийн эвтэйхэн хандаж болох вэ?” хэмээн асуу. Өөрийн “би”-г илүү сайн харуулах сонголт хийх. Энэхүү сонголт нь бүхий л эргэлзээг арилгаж, таны шийдэмгий байдлыг бататгана.

Сансарт хөөрөхөд бүх зүйл бэлэн болсон үед сансрын нисэгчид “Бүх тогтолцоо саадгүй ажиллаж байна” хэмээн илтгэдэг. Энэ нь бүх зүйл зохих ном журмын дагуу явагдаж байна гэсэн үг юм.

Ингэхлээр бид өдөр тутмын амьдралдаа бүх зүйлийг урьдчилан нэгд нэгэнгүй бэлтгэх ёстой. Дадлын болон үнэт зүйлсийн тогтолцоо нэгэн жигд ажиллаж чадахгүй бол бид дотроо эргэлзэж, эсэргүүцэлтэй тулгаран, “нислэг” голдуу хойшилдог. Идэвхитэй эерэг зан төлөв нь бидний сайн сайхан бодол санаа, шийдвэр зоригийг бататгадаг. Үйл хөдлөл буюу дан практик нь бидний мөн чанарын учир утгыг өөрчилж болох юм. Энэ нь олон талаар бидний цаашдын зан төлөвт нөлөөлнө.

Иймд хүн амлалт авчихаад түүнийгээ биелүүлэхгүй бол түүний зан чанарт муу хор нөлөө үзүүлэх аюул бий болно. Тэрбээр нэр төртэй, нэг зангаараа байж чадахгүй бөгөөд өөрийгөө хүндэтгэх явдал багасна. Хэсэг хугацааны дараа тэр хүн өөрийгөө огт ондоогоор олж хараад, өөрийн ааш араншинг шинээр бий болсон тэрхүү зохисгүй дүр төрхөөр хэмжих болно. Гэхдээ хүн аливаа шинэ сорилт болгоныг амжилттай даван туулах аваас өөрт нь шинэ эрч хүч, эрх чөлөө, урьд нь зүүдэлж ч байгаагүй тийм өндөрт хөөрөх чадвар байгааг аажимдаа олж илрүүлэх болно.

No comments:

Post a Comment