Wednesday, May 4, 2011

Засагт ханы зөрчил...

Халх Монголчууд манжийн захиргаанд ороогүй байсан 1550-1691 онд Халхын баруун гар Засагт ханы хошуу, Хотгойдын Убаш хунтайжийн хошуу Урианхайн хошуу, Сартуулын хошуу гэсэн 4 хошуу байжээ. Засагт ханы хошуунд Бэсүд, Гурван олхонууд, Хоёр эржигнэн зэрэг хожим арван хошуу болж бутарсан нутгийн ардууд багтан харъяалагдаж байжээ. Хотгойдын Убаш хунтайжийн хошуунд хожим Ар таван хотгойд гэсэнгэж алдаршсан таван хошууны ардууд багтаж байсан аж. Сартуул нэг хошуунд Сартуул, Тангуд хоёр отгийнхон хамрагджээ. Урайнхай нэг хошуунд хожим дайчин бэйсийн, дархан гэж нэрлэгдсэн хоёр хошууны хүн зон нар оролцжээ. Засагт хан гэдэг нэр алдар 16-р зууны үед үүсчээ. Засагт хан аймгийг үе залгамжилсан 18 хан захирч ирсэн байна. Хамгийн сүүлчийн хан нь 1912-1923 онд байсан Эрдэнэ бишрэлт засагт хан, засаг төрийн жүн ван доржпаламын Цэрэн гомбожав байв. Богд хаант улсын үед байснаар хилийн дээсийг бичвэл, Засагт хан аймаг баруун талаараа Ховдын хязгаар, дөрвөдийн үнэн зоригт ханы аймаг, дөрвөдийн тогос хүлэг далай ханы аймаг, хойгуураа Хөвсгөлийн хязгаар, зүүн хойт талаараа Сайн ноёнхон аймаг, урдуураа БНХАУ-тай хиллэлдэг байжээ. Одоогийнхоор бол Завхан, Говь-Алтай бүтнээрээ дээр нь Ховд, Увс, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь аймгийн зарим сумдыг хамарч байсан байна. Түүхийн аль ч цаг үед засаг захиргааны нэгж өөрчлөгдөж ирсэн байна. Үүний дотор 20 зуунд бүрч илүү хөдөлгөөнд оржээ. Энэ зууны эхэнд Засагтхан аймагт 20 хошуу, тамгатай 3 хутагтын шавь хамарч байв.

***
Манж нар Өвөр монголыг эзлэн авснаар тэдний цэргийн хүч улам өсчээ. Халхын эрх баригчид Манжтай найрсаг харилцах замаар тэдний талаас ирэх аюулыг сааруулахыг оролдож байв. Өөрсдийн нь ашиг сонирхолд нийцэж байсан учир Манж нар Халхын эрх баригчдын энэ оролдлогыг хэсэг хугацаанд дэмжиж байв.
1636 оны өвөл Сэцэн хан адуу, тэмээ, булга зэрэг зүйлсийг өргөн, найрамдахыг хүссэний хариуд, 1637 оны 1 сард Манжийн Абахай хаан бэлэгтэй хариу элч илгээж байжээ. Мөн 1637 оны 3 сард Түшээт хан хоёр алтан нум, гурван мориор бэлэг хүргүүлэн, элч заран найрамдал холбоотой байхаа илэрхийлж байжээ. Манжийн эрх баригчид Өвөр монголыг эзлэхдээ эрх баригч давхаргынхантай нь худ ургийн барилдлага тогтоох, цол хэргэм өгөх, өгөөмөр шан харамжаар талдаа татах, айлган сүрдүүлэх аргыг хэрэглэж амжилтанд хүрсэн туршлагаа Халхтай харилцахдаа ч үргэлжлүүлэн хэрэглэснээр амжилт олсон юм. Хэдийгээр Өвөр монголын дараа Халхын шууд довтолгоогүй ч Хятадыг эзлэн авсны дараа энэ аюул нүүрлэн ирэх нь ойлгомжтой байсан юм. Тиймээс түүний богино хугацаанд дотоодын эв нэгдэлээ бэхжүүлж, цэргийн хүчийг нэмэгдүүлэх зэрэг зүйлийг хийх шаардлагын улмаас хугацаа хожих зорилгоор манжийн хаадтай найрамдалт харилцаа тогтоох, харийн түрэмгийллийг эсэргүүцэх хүчин бүрдүүлэх хариуцлага Халхын эрх баригчдад тулгарсан ажээ. Тийнхүү Манж нар харь улсыг довтлохдоо, ар талаасаа аюулгүй байх, нөгөө талаас монголчууд нь болзошгүй аюул нүүрлэн иртэл хүчээ сэлбэх гэсэн хоёр талын сонирхол нэгдэж нийгмийн харилцаа хэсэг хугацаанд намжуу байсан нь аль аль нь цаг хожих гэсэнтэй холбоотой байв.
Тухайн үед Монголын их хааны эрх захиргаа нэгэнт унасан цаг тул Халхын улс төрийн амьдралд Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой, Засагт хан Субадай нар тэргүүлэх үүрэгтэй байсан юм. Халхын баруун гарыг Засагт хан Субадай зонхилон захирч байв.
Манж нар Хятадыг байлдан эзлэхдээ, Халхын ноёдын үйл ажилгаанд зарим нэгэн хориг тавьсан юм. Үүнд, 1636 онд Манжийн Дээд Эрдэмт хаан Халхыг Хятадтай худалдаа хийхийг албан ёсоор хориглосон зарлиг буулгажээ. Энэ нь нэгд, Монгол-Хятадын хооронд холбоо тогтохоос сэргийлсэн, хоёрт, монголчууд худалдаалахдаа агт мориор голдуу арилжаалдаг учир хятадын цэргийн хүчин чадал нэмэгдэхээс болгоомжилсон хэрэг бололтой. Нөгөөтэйгүүр 1638 онд Манжийн хаан Халхын гурван ханыг жил бүр цагаан тэмээ нэжгээд, саарал морь наймыг Чингийн эрх баригчдад ёсны бэлэг хэмээн бариулах зарлиг буулгажээ. Ингэснээрээ манжийн хаан Халхын хан нарын эрх мэдлийг хязгаарлаж, эрхшээлдээ оруулахыг санаархжээ. Хэдийгээр монголд манжийн түрэмгийллийг хүчээр барьж зогсоох улс төрийн нэгдмэл хүчин байхгүй байсан ч харийн түрэмгийлэл илт нүүрлэсэн үед монголчууд удаа дараа нэгдэх оролдлого хийжээ.
1970 онд Х.Пэрлээ Булган аймгийн Дашинчилэн сумын нутгаас үйсэн хуулиуд олсон нь үүнийг гэрчлэх чухал сурвалж болсон юм. XVI зууны сүүлч, XVII зууны эхээр Халхын ноёд удаа дараа чуулган чуулж дотоод, гадаад улс төрийн байдлаа хуулиар зохицуулахыг оролдож байсныг тэдгээр үйсэн хуулиас харж болно. Үйсэн дээр бичсэн тэдгээр хуулийн гол санаа нь дотоодын эвдрэл хямралын үүд хаалгыг хааж, төрйин нэгдлийг аль болохоор сахин хамгаалах явдал байв. Уг хуулиуд нь "хан хүн өөр зуур хэрэлдвээс,... ганц хошуугаар дайсанд мордож идвээс, ноёд биеэ алалцваас,... хатуу шийтгэж байхаар заажээ. Уг хуулиуд нэгэнт буй болсон дотоодын хямралыг гэтлэн давахын тулд Халхын хүчийг нэгтгэх бодлогыг тууштай явуулахыг тэр үеийн зарим зүтгэлтэн хичээж, Халхын улс төрийн хямралыг хууль эрх зүйн хүрээнд шийдэх гэсэн хэрэг байв.
1639 онд Халхын ноёд Ширээ цагаан нуур хэмээх газар цугларч, Түшээт хан Гомбодоржийн 5 настай хөвгүүн Занабазарыг Халх Монголын шашны тэргүүнээр өргөмжилжээ. Тийнхүү Занабазар нь монголын түүхэнд анхдугаар богд Жавзандамба буюу Өндөр гэгээн хэмээн алдаршсан юм. Ширээ цагаан нуурын чуулганд оролцогсод уг түүхт үйл явдлыг тохиолдуулан, Шар бөсийн орд байгуулсан нь Халхын их хүрээний үүсэл болжээ.
Халхын ноёд шинэ өргөмжлөгдсөн шашны тэргүүн Өндөр гэгээн өөрсдийн харъяатаас хувь өмч болгон өргөснөөр шавь хэмээх дахргын үүсэл тавигджээ. Тийнхүү Халхын шашны тэргүүнийг өргөмжилсөн нь шашны тугийн дор Халхыг нэгтгэх гэсэн оролдлого байсан юм.
Мөн 1640 онд Халхын-Ойрадын ноёдууд Тарвагатайн улаан буурай гэдэг чуулган нийлж, цаг үеэ дүгнэж, Халх Ойрад эв эеэ хичээн, харийн түрэмгийллийг хамтын хүчээр давахыг уриалан тунхаглаж, тус чуулганаас монгол ойрдын Их цаазыг баталсан нь Манжийн түрэмгийллийн эсрэг хүчээ нэгтгэх бас нэгэн оролдлого байлаа. Тус чуулганд Халхын Эрдэнэ Засагт хан Субадай, Очирбат тулгар Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан аймгийн нөлөө бүхий том ноёд, хэмээх Төрбайх, Тэнгэрэй тойн нарын зэрэг Халх Ойрдын Төр, шашны, зүтгэлтэн болон Хөх нуурын монголчууд, Ижил мөрний гол Торгуудын төлөөлөгчид бүгд 28 том ноёд оролцжээ. Тэдгээр ноёд нь тухайн үеийн монгол улсын төрийн арамд гол үүрэг гүйцэтгэж байсан нөлөө бүхий хүмүүс байв. Тус чуулганы гол зорилго нь улс төрийн бутралыг давж, үндэсний нэгдлийг сэргээн бэхжүүлэх, харийн дайсны өнгөлөлзлийг тас цохих хэрэгт монгол угсаатны хамтын чармайлтаар зохион байгуулахад оршиж байв. Тийнхүү Халх,Ойрд хоёр нэгдэж, харийн түрэмгийллийн эсрэг хүчээ нэгтгэсэн боловч энэ явдал удаан үргэлжилсэнгүй.
Тухайн үеийн монгол төр шашны зүтгэлтнүүд хууль цааз шашны төрийн хэмжээнд бүх талаас нь улсаа нэгтгэх гэж удаа дараа оролдсон боловч тэр үед монгол улс төрийн бутралыг даван туулах улс төр, эдийн засаг хараахан бүрэлдээгүй байсан учир уг оролдлого бүтээгүй юм.
Халхын ноёд дотоодын эв нэгдэлээ бэхжүүлэх оролдого хийхийн зэрэгцээ Эеэр засагч хаан суугаад удаагүйг харгалзан, Манжийн хүчийг дотроос нь задлах, угсаа нэгтнээ харийн дарлалаас чөлөөлөх зорилгоор 1644 Өвөр монголын ноёд элч илгээж байсан байна. Үүний үр дүнд Сөнид аймгийн тэнгис ван Халхын ноёдын ятгалганд орж, харъяат ардаа дагуулан, 1646 оны хавар Сэцэн хан нутагт байснаа, 1639 онд өмнө зүг нүүн одож, Манжид дагасан байв. Тэнгис нь Манжийн хаантай ураг холбосон эфү байв.
1647 онд Засагт хан Субадай манжийн бодлогыг шууд эсэргүүцэн захидал илгээж байсан ба Манжид дагаар орсон хүмүүсийг буцаахыг Халхын ноёд нэхэмжлэн шаардаж байв.
1650 онд Засагт хан Омбо-Эрдэнэ тайж хөх нуурын орчим газрыг ав хийх нэрийдлээр уулгалж байсан ажээ. Халхын талаар явуулах Манжийн төрийн бодлого нь Хятадыг эзлэн авсан 1644 оноос буюу Нурхаачийн ач Фулинг Чин улсын хаанд өргөмжилсөн үеэс эрс өөрчлөгдсөн юм. Учир нь Хятадыг байлдан эзлэхдээ, ар талаасаа довтлуулахгүйн тулд хэсэг хугацаанд Халхтай бэлэг бүхий элч солилцож, найртай харилцахад хүрсэн бөгөөд Хятад улсыг эзлэх зорилгоо биелүүлэсний дараа манжийн цэрэг улс төр, эдийн засгийн хүчин чадал үлэмж нэмэгдсэндээ эрдэн, Манжийн зүгээс Халхад өөрийн бодлогоо тулган шаардах нь давамгайлах хандлагатай болов.
Эеэр засагч хаан 1647 онд Засагт хан, 1648 онд Түшээт хан, Сэцэн хан нрын элчийг тус тус хүлээн авахгүй буцаасан атлаа мөн 1648 оны намар Халхын Сайн ноёны дээд дөвөг Данзан ламын элчийг зориуд найрсагаар хүлээн авчээ. Энэ нь Түшээт хан, Сэцэн ханыг Манжийн эсрэг зэвсэг барин тэмцэснийг зэмлэн эрх сүрээрээр далайлгах хэрэг байснаас Гадна Халх эрх баригч ноёдын хооронд яс хаяж өсөрдүүлэн нэг хэсгийг нь талдаа хахуулдан татаж, нөгөөг нь эсрэг хүч болгон, хооронд нь тэмцэлдүүлэх гэсэн бодлого байжээ.
Байдлыг хурцатгахгүйн тулд Түшээт хан, Сэцэн хан нарыг төлөөлж, Засагт хан манжийн эеэр засагч хаантай биеэр очин уулзжээ. Засагт хан тийнхүү чармайлт гаргаж, Халх болон Манжийн хааны хороондын харилцааг хэлэлцээрийн замаар зохицуулах гэсэн боловч тодорхой үр дүнд хүрсэнгүй. Харин Манжийн хаан хариуд нь Халхын хан нар хөвгүүд, дүү нараа Манжийн хааны ордонд ирүүлэхийг шаардсан юм. Энэ нь тэд нарын хүүхэд, дүү нарыг барьцаа болгон авах гэсэн хэрэг тул Түшээт хан, Сэцэн хан нар зөвшөөрсөнгүй.
1651 онд Халхын Түшээт хан, Сэцэн хан нар 1000 морь, 100 тэмээг Манж хаанд өргөн, жилийн амгаланг айлтгаж найрамдахыг хүсчээ. Энэ нь Тэнгисийг дэмжиж, Манжийн цэрэгтэй шууд зэвсэглэн байлдаж байсныг бодвол, буулт хийсэн хэрэг боловч Манж нарын Халхад явуулж бодлого эрчимжиж буй үед ямар нэгэн зүйлээр шалтгаалан Халхад цэрэглэн орохоос сэргийлсэн бололтой. Чухам ямар шалтгааны улмаас Халхын дотоодоо хагарал гаргасныг дурдаагүй болвч 1653 онд Түшээт хан Гомбодоржийн хүү Бунтир албат харъяатаа авч, Манжмйн хаанд дагаар орсонд тшшнийг засаг чин ван өргөмжилж Чулаалт хаалганы гадна нутаглах газар олгожээ.
Бунтир бол Халхын анх удаа Манжийн талд урван орсон этгээд юм. Үүнээс үзвэл, Халхын ноёд дотроо хагаралдаж, зарим нь Манжийн түрэмгий бодлогыг сөрөн зогсож байхад, нөгөө зарим нь Манжийн хааны сайхан амлалт, зэрэг хэргэм, шан харамжинд татагдан дагаж орорхыг санаархах болсон байна. Сэцэн хан, Түшээт хан нар Бунтирыг буцааж нэхэмжилсэн боловч Манжийн зүгээс эрс эсэргүүцэн няцаасан юм. Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой хан хүчинд автагдан, зарим талаар буулт хйин, Манжтай найрамдах бодлогыг явуулж байсан боловч харин шууд дагаж орохыг хүсэхгүй байсан юм.
Манжийн зүгээс Халхын дотоод хэрэгт хутгалдан орох нь улам бүр нэмэгдэж, элдэв шахалт хавчлага чангарч байх тэр эгзэгтэй үед Сэцэн хан Шолой 1652 онд, Түшээт хан Гомбодорж 1655 онд удаа дараа нас барсан нь Халхын улс төрийн байдалд ноцтой хохирол учруулжээ।
***

1657 онд Засагт Хан Норов бишрэлт нас барж, хvvхдvvдийнх нь дунд хан суудлын төлөөх тэмцэл гарчээ. Тvvний том хөвгvvд болох Чу мэргэн, Вансvг хоёрын дунд зөрчил vvсч улмаар хоорондоо дайтаж хожим Вансvг ялж Засагт Хан болов.
Сибирийн Орос улс Хотгойдоор дамжуулж Монголын бусад аймгууд болон Манж улстай худалдаа хийхийг хvсч байжээ. Гэвч цагийн явцад Орост илvv том зах зээл хэрэгтэй болж байлаа. Энэ эрэлтийг мэдэрсэн Засагт Хан Хотгойдоор дамжуулалгvйгээр шууд Оростой худалдаа хийхээр болов. Хотгойдуудын хувьд худалдааны боломжоо алдана гэсэн vг.
1662 онд Хотгойдын Алтан Хан Эринчин Засагт Хан луу довтолжээ. Засагт Хан Вансvг цэргээ авч байлдсан боловч дийлдсэн байна. Энэ боломжийг ашиглан Эринчиний холбоотон Чу мэргэн Засагт Хан болов. Гэвч тvvнийг удирдагчаа гэж хvлээн зөвшөөрөөгvй хэсэг өрх Тvшээт Ханы нутаг руу зугтаж одсон нь асар их хор уршигтай зөрчилийн / Засагт Хан, Тvшээт Хан / vндэс болсон байна.
1670 онд Засагт Хан Норов-Бишрэлтийн бага хvv Сэнгvм Манжийн эзэн хааны тушаалаар Засагт Хан хэмээн томилогдов. (Чахундорж 1655 онд Манжийн нөлөөг хvлээн зөвшөөрсөн тул 1656 оноос эхлэн Халхын хангуудыг Манжийн эзэн хааны соёрхолоор томилж байх болжээ.)
Сэнгvм : "- нэгэнт нөхцөл байдал өөрөөр эргэсэн тул 1662 онд дvрвэсэн айлуудыг буцааж өг" гэж Тvшээт Ханаас нэхжээ. Гэвч Чахундорж тэдгээр айлуудыг Засагт Ханд буцааж өгөхөс татгалзсан байна. Хямрал дахин эхлэв.

GNZ
Д. Зоригт 2010-06-15 15:49 бичсэн.
Хожим Засагт Хан, Түшээт ханы хоорондын хямралын нэг шалтгаан нь Хөх хотоор дамжуулж хятадтай наймаа хийхэд хэн онц эрх эдлэх вэ, бие биеийн худалдаачдыг хэрхэн хамгаалах вэ гэдэгт байв. Хотгойдын Алтан хан, Засагт Хан 2 Орос, хятадыг холбосон худалдааны замаа булаацалдаж байлдсан ба энэ хямрал нь ужгарсаар Түшээт хан, ЗуунГар, Хошууд гэсэн талууд татагдан орж 1688-1691 оны Монголын гунигт алдааны эх үүсвэрийг тавьсан билээ.
Галдан Халхыг эзэлье гэж халх руу дайраагүй бололтой байдаг. Галдан Халхын Засагт хантай холбоо тогтоосон байж. Энэ гэхдээ их уламжлалтай эд. Уг нь бол Эрдэнэбаатар Хунтайж хэмээх Хойдын Отгочин ноёны үед (энэ хүн нь Зүүнгарын ойрдуудын хаан, бүх ойрдын хаан биш, учир нь торгууд, хошууд нар тусдаа байж Түшээт ханы халхыг дэмждэг байсан) Зуунгарын Ойрдууд болон Халхын 3 хангууд нийлж (дээр нь хөх нуур, халимаг урианхай гэх мэт жижиг ханлигууд бас орно) Харийн дайсан буюу орос, манж нарын эсрэг Монгол-Монгол гэсэн холбоо байгуулж байжээ. Тэр үеийн Түшээт хан нь (Чахундоржийн аав) их ухаантай хүн байсан ба Сэцэн хан ч мөн (Шолой) их алсын бодолтой хүн байж. Гэвч энэ 2 хөгшин учир битүүлгээр хоёул ойр ойрхон гэнэт нас барсан байдаг. Мөн Эрдэнэбаатар Хунтайж ч таалал төгссөн байна. Тэдний хүүхдүүд болох Чахундорж, Сэнгэ, Галдан, Занабазар, Зэвт нар эв эеээ сахиж чадсангүй. Чахундорж аавыгаа нас бараад удаагуй байхад (1655) засгийн эрхэнд гарч улмаар хорчингийн ноёдуудад урхидуулан манжийн хааны бэлэг сэлтэнд автаж эхэлсэн хүн юм.
Засагт Хан бол бие дааж Түшээт ханаас тусдаа бодолго баримтлах болсон Түшээт хан Чахундорж увайгү бодлогоос болсон юм.
Сэцэн ханд нялх жаал хан болж, түвд номонд баригдсан нэг авга лам нь үнэндээ төрийн эрх барих болсон нь Манжийн гар хөл болсон хүн байв.
Засагт хан нь анхнаасаа л манжийн эсрэг тууштай тэмцэж, Зүүнгартай байгуулсан гэрээндээ үнэнч үлдсэн Халхын цорын гантс ханлиг байв.
Засагт хан үе үе өвөр монголын түмэд аймгийг довтолж, хөх хотыг манжийн савраас салгахыг хичээж байлаа гэжээ. Харамсалтай нь Хотгойдын Алтан ханыг дээрэлхэж Оростой хийдэг наймааных нь замыг булааж авах гэж байгаад Хотгойдуудадтай эвдрэлцэн дайдсан нь түүний хүчийг ихээхэнсулруулсан юм. Энэ үед хүн амын цөөн хэсэг нь Түшээт хан руу дүрвэж гарчээ. Зүүнгарын ойрдуудтай нийлж хотгойдуудыг дарсны дараа Засагт хан , Түшээт ханаас айлуудаа буцааж авахыг хүсчээ. Түшээт хан гаргаж өгөөгүй байна. Ингээд энэ 2 аймаг хоорондоо олон жил хямран байлдсан юм. Засагт Хан ч хэд хэд солигдож, Засагт Ханыхан сүүлдээ дийлдэхэд хүрч Галдантай ураг барилдаж, холбоотныхоо үүргээс хөндийрөөд байсан Зүүнгарыг Түшээт ханы эсрэг тэмцэлдээ ашиглахыг зорисон бололтой. Удалгүй Засагт Ханы охин Галдангийн бага дүүтэй хуримлахаар иржээ. Энэ үед Тушээт хан гэнэт довтолж хуримлахаар цуглаад байсан бүх ноёд тайж нарыг хүйс тэмтэрчээ. Галдан үүнд өөрийгөө их буруутгаж байсан байдаг. Эртнээс Түшээт хан догшроод хэцүү байна гэж Засагт ханыхан анхааруулсаар байтал ажиггүй байсан байна. Хоёрдугаарт Түшээт хан ямар ч гэм зэмгүй олон хүнийг хороосон ба бүр төрсөн дүүг нь өчиггүй алсанд их хорссон бололтой. Ингээд 1688 онд Галдан 30,000 цэргээ авч засагт ханд ирээд ойрдуудад үнэнч Халхуудтай хавсран Төв Халхын Түшээт Ханы Чахундорж, мөн Ойрдын Хошууд аймгийн Очирт Сэчний ач хүүгийн цэргээс бүрдэх холбоотны армийг 2 ч удаа хиар цохисон байдаг. Занабазар, Чахундорж нар гэхдээ аль 1660 аад он гэхэд л Манжийн нөлөөний бүс болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг юм байна. Учир нь Чахундоржийг хан болсноос хойш Манжууд өөрсдийн үзэмжээр халхын нутгийг хэд хэдэн хошуу болгож, эрх мэдэл энэ тэнцүү ноёдыг олон тоогоор дэвшүүлэх бодлого хийж байсан нь харагддаг. Зуунгар Ойрдууд Хошууд Засагт Хан Түшээт хан Хотгойд Сэцэн хан хамтдаа, бие биедээ илүү итгэж, нэгдмэл Монголын үзэл санааг сахиж байсан бол Манжууд хэзээ ч ар Монгол руу халдаж зүрхлэхгүй байсан. Харамсалтай нь, Чахундорж гэж эрх хүүхэд аавынхаа захиасыг огоорч эрх мэдэл эд хөрөнгөнд шунан ядаж яваад улсаа ч алдаж, өөрөө ч өлмөн зэлмэн, цагаач, дүрвүүл маягаар явсаар хүний нутагт их сэжигтэй байдлаар ясаа тависан юм.

1 comment:

  1. Ганцхан Очирайбат түшээт хан Чихундоржийн буруу биш. Засагтхан болон Галдан бошигтын буруу билээ. Хэтэрхий өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн нийтлэл байна.

    ReplyDelete