Thursday, May 5, 2011

872 оны наадмын талаар



Монголчууд төрийн их баяр наадам хийхийн зэрэгцээ уул овоо тахих, зэрэг дэв хүртэх зэрэг олон үйлийг тохиолдуулан найр наадам хийдэг байсан уламжлалтай. Үндэсний Төв Архивын сан хөмрөгт тамга тэмдгийн цуглуулга, ноёд тайж нарын гэрийн үеийн бичмэлийн цуглуулга, газрын зургийн цуглуулга, наадмын баримтын цуглуулга зэрэг олон хөмрөг үүсгэгч баримтууд хадгалагдаж байдаг.
цуглуулга зэрэг олон хөмрөг үүсгэгч баримтууд хадгалагдаж байдаг. Эдгээрээс наадмын тухай баримтаас сонирхуулахад: Наймдугаар богд Жавзандамба хутагтыг 1874 онд Хүрээнд залахаас өмнө түүнийг дээрхийн гэгээнтнээр тодруулсан явдлыг тохиолдууулан Манжийн он тооллоор Бүрэнт засагчийн 11-р (1872) онд түмэн өлзий бүрэлдсэн эрхэм сайн өдөр халх дөрвөн аймаг шавь таван газраас олон бүгдээр хуран чуулж дээрхийн гэгээнтэнийг даруй түргэнээ залж шашин төрийн үйлс наран саран мэт гиин мандаж, хар шар олон ардад харшлахын шалтгаан үгүй, арван цагаан буян зүг бүрдээ дэлгэрч, олон зуун жил энх түвшин амар жаргаж, улам уламаар өрнөн дэлгэрэхийн ерөөлийг билэгдэн их баяр наадмыг хийжээ. Энэ наадамд халх дөрвөн аймаг шавь таван газраас ирсэн олон бөх, харваачид оролцсон байна.
Бөхийн барилдаанд дээрхийн шавиас 106 бөх, Түшээт хан аймгаас 108 бөх, Цэцэн хан аймгаас 108 бөх, Засагт хан аймгаас 108 бөх, Сайн ноён хан аймгаас 108 бөх нийт 528 бөх барилджээ. 5-ийн даваанаас 9-ийн даваа хүртэл нэг бөх гоц мөргөжээ.
- Бөхийн барилдааны 8-ын даваанд дээрхийн шавь Жигмэд заан амбантаны Түвдэн заантай барилдаж Түвдэн заан даван, амбан Цэцэн хантаны Дашдоной заан дээрхийн шавь Луузан арслантай барилдаж Луузан арслан даван, дээрхийн шавь Санжайдорж гоц мөргөжээ.
- 9-ийн даваанд дээрхийн шавь Луузан арслан амбантаны Түвдэн заантай барилдаж Луузан арслан даван, дээрхийн шавь Санжайдорж гоц мөргөж,
- 10-ын даваанд дээрхийн шавь Санжайдорж дээрхийн шавь Луузан арслантай үзүүр түрүү булаалдан дээрхийн шавь Санжайдорж түрүүлсэн байна.
Энэ барилдаанд 8 давсан Түвдэн заанд нэг тэмээ, нэг бүхэл торго, нэг үнэгний арьс, хоёр хонь, далан шар цай, 9 давсан Луузан арсланд нэг буу, нэг тэмээ, нэг бүхэл торго, хагас булигар, хоёр хонь, далан шар цай, 10 давж түрүүлсэн Санжайдоржид нэг магнаг, нэг хуй, хоёр тэмээ, нэг бүхэл торго, нэг бүхэл булигар, гурван хонь, далан шар цайгаар шан хүртээжээ.
Сурын харваанд шавь, Түшээт хан, Цэцээ хан, Сайн ноён хан аймгаас тус бүр гучин харваачид, Засагт хан аймгаас арван дөрвөн хаарваач, ноёд тайж нийлэн нийт нэг зуун тавин таван харваач цэц мэргэнээ үзсэнээс эхний тавин таван харваачаар тасалж бай шагнал хүртээсэн байна. Сур харваанд хорь оносон хүн хорин нэг, арван ес оносон хүн гучин тав, саалт харваж хорь оносон хүн нэг байв.
Үүнд: Түшээт хан аймгаас хорь оносон хүн дөрөв, арван ес оносон хүн гурав, Цэцэн хан аймгаас хорь оносон хүн арав, арван ес оносон хүн арван найм, арван найм оносон хүн нэг, Засагт хан аймгаас хорь оносон хүн хоёр, арван ес оносон хүн гурав, шавиас хорь оносон хүн тав, арван ес оносон хүн тав, Сайн ноён хан аймгаас арван ес оносон хүн тав байжээ. Хорь оносон эхний нэг хүнд нэг тэмээ, гучин шар цай, хоёрдахь хүнд нэг морь, гучин шар цай, удаах хүмүүст нь нэг зах торго, гучин шар цай, арван ес оносон хүнд долоон зуун шар цай, арван найм оносон хүнд хоёр зуун шар цай, саалт харваж хорь оносон хүнд долоон зуун шар цайгаар бай шагнал хүртээж байсан байна. Энэ наадамд гаргасан зарлага, бай шагналыг дөрвөн аймаг шавиас хуваан гаргуулж байжээ.

No comments:

Post a Comment