Monday, May 2, 2011

Монголчуудын цэргийн урлагийн гайхамшиг

Монголчууд шиг дайн тулаанд өчнөөн ялалт байгуулж, асар өргөн уудам нутгийг эзэлсэн арми өмнө хойчийн түүхэнд үгүй билээ” хэмээн С.Транбул, А.Макбрайд нарын “Монголын эзэнт гүрний арми” ном эхэлж байна. XII-XIII зууны үеийн монгол цэргийн зохион байгуулалт, зэвсэглэл, байлдах арга ухаан, аян дайн, ахуй хангалт зэрэг асуудлуудыг нухацтай авч үзэж, шинэ сонирхолтой дүгнэлт өгсөн энэ бүтээл өрнө дахинд нэлээд алдартай бөгөөд харин дорно дахины эх сурвалжуудыг бага ашигласан болохоор зарим нэгэн өрөөсгөл дүгнэлт хийсэн байх нь бий.

Тухайлбал, “1221 онд Мервь хот эзлэгдэж, эсэргүүцэл үзүүлсэн 700000 оршин суугчдыг нь цаазлав. Бүр муур нохойг ч үлдээлгүй устгаж байжээ”, “1227 онд Чингис хаан тэнгэрт халив. Монголчууд Мин-Ша хотод цөмрөн орж, удирдагчийнхаа үхэхийн өмнөх хүслийн дагуу хотын бүх оршин суугчдыг цаазаар аваачив”, “Монголчууд нохой, чоно, үнэг, морь, хулгана, зурам, хагд өвс, бүр гүүний хойдох/эхэс/-ийг хүртэл идэж чаддаг гэнэ. Монголчууд нэгэн удаа бүслэлтэнд хоол хүнс нь дууссан үед бусдынхаа амийг аврахын тулд 10 цэргийн нэгийг цааш нь харуулж байлаа” гэх мэтийн хэтэрхий үнэнээс хол мэр сэр дүгнэлт байгаа ч эдгээр нь номын жинхэнэ үнэ цэнэд огтхон ч нөлөөлөхгүй юм.

С.Транбул, А.Макбрайд нарын бичсэнээр эзэн Чингис хааны үед цэргийн урлагийг гарамгай эзэмших нь дээд угсаа, язгуур гарлаас илүүгээр үнэлэгддэг байжээ. Зэвсэгт хүчнийг хаан ёс төдий удирддаг, үнэн хэрэгтээ энгийн ардаас гаралтай цэргийн жанжнууд захирдаг байсан гэнэ. Хэзээ ч монголчууд аян дайнд гоомой хөдөлж байсангүй. Цэргийн зөвлөлийг хуралдуулж шийдвэр, төлөвлөгөө гаргасны дараа түүнийгээ яс мөрддөг байсан байна.

Цэргийн зөвлөл дээр хэлэлцдэг хамгийн чухал асуудал бол байлдааны ажиллагааг жилийн ямар улиралд эхлүүлэх вэ гэдэг асуулт байжээ. Тэгээд маш оновчтой хувилбарыг сонгодог байсан байна. Жишээлбэл, 1237-1238 оны өвөл монголчууд Орос руу дайралтаа эхэлж байжээ. Тэсгим хүйтэнд нэгэнт дассан тэд хатуу өвлийг сонгон тулаанд мордсон нь гол мөрөн хөлдөх үеэр хоорондоо харилцах, гатлахад амар болдгийг сайтар бодолцсон хэрэг байв. Мөн монголчууд 1258 оны хавар Ирак руу довтолсон нь зуны бүгчим халуун, хумхаа өвчний тахал дэгдэхээс өрсөх гэсэн хэрэг байжээ.

Монголчууд дайснаа хэзээ ч бүрэн бүсэлдэггүй, жаахан завсар үлдээж, түүгээрээ дайснуудыг цувуулан зугтаалгаж нэг ч цэрэг үлдээлгүй ниргэдэг аргатай байжээ. Энэ аргынхаа адилаар үсээ засуулдаг байсан явдал ч байж. Дайсны ухрагсадыг монголчууд шиг мөрддөг тийм арми хаа ч байгаагүй гэнэ. Бут цохигдож ухарсан дайснуудыг хэдэн өдөр шөнөөр мөрдөн хөөх бөгөөд үнсэн товрог болгож байж санаа нь амардаг байжээ. 1299 онд Саламиегийн дэргэд Мамлюкуудыг бут цохисны дараа тэднийг тулааны талбараас 500 километр алс орших Газ хүртэл мөрдөж байсан түүх бий аж.

Монгол цэргийн уран нарийн аргын нэгэнд ухрах явдал зүй ёсоор ордог байжээ. “Монголчууд ухарч байвал өрсөлдөгч талын цэргүүд бие биеэсээ холдож болохгүй. Яагаад гэвэл тэд дайсныхаа зохион байгуулалтыг алдагдуулахын тулд ухардаг юм” гэж П.Карпини бичиж үлдээсэн байдаг. Монголчууд шаардлагатай үед хэдэн өдрөөр ч хамаагүй ухардаг байжээ. Жишээлбэл, Зэв, Сүбээдэй нар 1222 онд есөн өдрийн ухралт хийсэн байна. Энэ үед Оросын Галицкин вангийн арми Кипчякын холбоотнуудтайгаа хамт гол хүчнээсээ тасарч тэднийг үлдэн хөөж эхэлсэн байна. Yүнийг хүлээж байсан монголчууд гэнэт эргэж дайран тэднийг бутцохиж, улмаар Оросын армийг бүслэн буулгаж авчээ.

Мөн монголчуудын бас нэг заль бол олон тооны цэргүүдтэй болж харагдах гэж хөтөлгөө мориндоо хүн дүрст мануухай бэхэлдэг байсан явдал юм. Мөн довтолгоон эхлэхийн өмнө өөрийн цэргийн тоог шороон түм гэсэн цуурхалыг маш ихээр дэгдээдэг байжээ. Тагнуул туршуулууд өрсөлдөгчийнхөө хамгаалалтанд оршиж буй сул тал, ялангуяа дайсны ар тал дахь зөрчил тэмцлийг өөрийн талд ашигтайгаар хэрэглэх боломж, зам харгуй, цаг агаарын байдал, бэлчээр тэжээлийн талаар бүхий л чухал хэрэгтэй мэдээллүүдийн талаар хаанд айлтгадаг байжээ.

Ийнхүү монгол цэргийн гайхамшигт урлагийн талаар маш тодорхой өгүүлсэн үнэтэй чухал бүтээлийн тоонд зүй ёсоор орох С.Транбул, А.Макбрайд нарын “Монголын эзэнт гүрний арми” хэмээх бүтээлтэй эх хэлээрээ танилцах боломж монголчууд бидэнд ирлээ. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан энэ бүтээлийг анагаах ухааны доктор, “Элэгний “ хэмээн алдаршсан эмч М.Шагдарсүрэн өөрийн анд, Хил хамгаалах ерөнхий газрын Ар тал, инженер техникийн газрын дарга, хурандаа Д.Ганбаатарын хамт орчуулан уншигч олонд өргөн барьжээ.

М.Шагдарсүрэн бол англи, япон, орос хэлний өндөр боловсролтой, 20 гаруй номыг дангаар болон нөхөдтэйгөө хамтран орчуулсан нэрт соён гийгүүлэгч билээ. Тэдний номыг Батлан хамгаалахын дэд сайд, доктор Б.Эрдэнэбат ариутган шүүж урмын үгээр мялаажээ. Уншигч та монгол цэргийн гайхамшигт урлаг, байлдах нарийн тактиктай илүү дэлгэрэнгүй танилцмаар байвал энэ номыг заавал уншаарай.

No comments:

Post a Comment