Monday, May 2, 2011

Эзэн хааныг Исмайлийнхан хороосон уу

Д.Баярсайхан. Монголын Дундад зууны үеийн түүхийг судлаач, Оксфордын Их Сургуулийн Докторант
Британий Монголчуудын Гуравдугаар чуулганд тавьсан илтгэл



Низари Исмаилийн түүх судлаач Др. Надя Жамал Монголчуудын байлдан дагууллалыг дүгнэхдээ Исмаилийнханы түүхнээ тохиолдсон цорын ганц хийгээд хамгийн хөнөөлт үйл явдал мөн гэжээ. Ийнхүү дүгнэх болсон учир юунд байна вэ гэвэл Монголчууд Исмаилийн хүн амыг хүйс тэмтэрч Исмаилийн сүүлийн Имам буюу шашин-төрийн тэргүүнийг баривчилж хороогоод удам угсааг нь хөнөөсөнд байгаа юм. Энэхүү түүхэн үйл явдал чухамхүү ямар улбаатай болох талаар миний бие сонирхон Исмаилийн Дээд тэргүүн Рукн ал-Дин Хур-Шаг/Rukn al-Dīn Khur-Shāh хэрхэн үхсэн тухай судлах болсон юм.

Хэрэв бид түүхээ сөхөж харвал тэртээ 1256 оны эцсээр Эзэн Чингис Хааны үр сад Иран, Ирак, Афганистан, Кавказ, Бага Ази буюу Анатоли, Дээд Месопотамид Ил Хаадын гүрэнг бий болгожээ. Эзэн Чингис Хааны ач хүү Хүлэг Хаан (1256-65) эл гүрний үүсгэн байгуулагч мөнөөс мөн бөгөөд Лалын/Исламын ертөнц дахь Исмаилийн Имам болон Аббасидын Калифыг устгахаар Мөнх Хааны (1251-59) зарлигаар Иранд анх илгээгджээ. 1243 онд Румын Селжук Султаныг эрхэндээ оруулсанаас хойшхи Монголчуудын том бай нь Дундад Дорнын энэхүү хоёр хүчирхэг Лалын төлөөлөлүүд байлаа.
Бидний Монгол өвөг дээдэс дэлхий дахинаа өөрсдийн хүчийг сорих үлс гүрнийг сайтар мэддэг байжээ. Үүний нэг жишээ нь Монголын Нууц Товчоонд тодоор дүрслэгдсэн байдаг. 1221 онд Зүчи, Цагаадай, Өгөөдэй, гурав Хорезмын нийслэл Гүрганжийг (Өрүнгэчи) эзэлж буулгасны дараа эцэгтэйгээ Талиганд (Афганистаны нутаг) нийлэхэд Чингис Хаан өөрт нь хувь эс гаргасанд хилэгнэж хөвгүүдтэйгээ гурван хоног уулзалгүй өнгөрөөжээ. Хөвгүүд бурyугаа ухаарч айж балмагдахад тэднийг өмгөөлж Боорчи, Мухали, Шигихутуг нар өчил өчиж Сартуул иргэний Султаныг доройтуулж бидний олон эрс, агт морьд чинь бахдаж амуу. Хуваагдаж автах балгас хуваан авсан хөвгүүд бүгд Чингис хааных буй хэмээжээ. Чингис хаан тайтгарч гурван хөвгүүдийг

Өтгөс үгс ишлэж,
Хуучин үгс сануулж,
Байсан газар
Багтан алдтал,
Магнайн хөлс

Арчин ядтал буруушааж машид зэмлэхэд Хонхай, Хонтагар, Чормахан хорчи нар Чингис хаанд өчрүүн: “ Бор шувууг анд сургах мэт хөвгүүд сая өдий аялан сурч бүхүйд хөвгүүдийн зүрхийг шантлан энэ мэг яахин ингэж донгодно? Хөвгүүд айж сэтгэлээ алгасуузай. Наран шингэхээс ургах зүг хүртэл дайсан иргэн буй. Маныг төвд ноход мэт турхиран илгээвээс, дайсан иргэнийг дарж, бид тэнгэр газарт хүч нэмэн, алт мөнгө, агуурс таваар, ард иргэдийг чамд авчирсугай. Аль иргэн ir] гэгч буй)хэмээвээс, энэ өрнө Багдад иргэний Халибай султан [Caliph al-Nās хэмээмүү. Түүнд бид аялсугай” хэмээн өчивөөс Чингис хаан тайтгаран зөвшөөрч Өтэгэйд аймгийн Чормаханыг Багдад иргэнд аялуулав. Энэхүү хэсгээс үзэхэд Багдадын байлдан дагууллалыг тэртээ 1220-иод онд ярилцаж дайлаар мордуулахаар зэхэж байжээ. Багдадыг 1258 онд Хүлэг Хаан эзэлж авсан. Харин бидний ярилцах сэдэв Калиф болон Багдадын асуудал биш учир Исмаилийн Имамдаа анхаарлаа хандуулья.

Юуны өмнө Исмаилийнхан гэж хэн байсныг тодруулья. Лалын ертөнц дотроо хоёр гол урсгалд хуваагддаг: Сунни (أهل السنة) буюу “үлгэр жишээ хүмүүс” ба Шиа (شيعة) буюу “Алиг дагалдагч”. Шиачууд бол цөөнх нь бөгөөд Сунни Мусалманчуудаасаа шашныхаа үндсэн асуудал дээр зөрчилддөг. Тэр нь Исламын үндсэн номлогч Мухаммадын дараахи гурван калифыг алгасаад Мухаммадын охин Fāṭima al-Zahraтай гэрлэсэн Мухаммадтай цусан холбоотой байсан Алиг өөрсдийн шашны удирдагч хэмээн үздэгт оршино. Шиа дотроо бас хэдэн бүлэгт хуваагддаг, тэдний голлох нэг бүлэг бол ādiqыг)Исмаилийнхан юм. (721-755 онд амьдарч байсан Имам Ismā‘īl ibn Jaf‘ar al-S хүлээн зөвшөөрснөөр ийнхүү нэрлэгдэх болсон юм). Исмаилийнхан 11-р зуунд гадаад ертөнцөд Ассассин буюу захиалгаар аллага хийгч гэсэн нэрээр алдартай болсон. Исмаилийн тэргүүн бидний мэдэх “уулын өвгөн” Хасан Саббах (1034-1124) 11-р зууны сүүлээр Иран дахь Эльбрус уулнаа шашиндаа хүмүүс элсүүлж нутагшуулснаар ассассин нэр тархасан гэж үздэг. Хасан Саббах залуусыг диваажингийн амьдралтай болгоно гэсэн амлалтаар хашиш буюу мансууруулах бодис өгч уулнаа шилжүүлэн бөгүүлж байжээ. Тэрхүү нутагшсан уулны нэг нь 2,100 м өндөр Аламут (зүүн гар талын зураг) буюу “Бүргэдийн Үүр” юм.

Ассассин нэр нь хашишийн гэсэн нэрнээс гаралтай гэж голдуу дүгнэдэг бол миний бие 2004 онд Аламут уулнаа гарч байхад Хасан Саббахын нэрнээс гаралтай гэж нутгийн нэг ард бас тайлбарлаж байсан. Аль ч хувилбар нь байлаа, ассассин нэр хүмүүний түүхнээ үлдэж өнөөгийн амьдралд ч үндсэн утга санаагаа алдаагүй байна. Исмаилийнхан үндсэн Сунни үзэлтэнгүүдтэйгээ үргэлжийн сөргөлдөж байсан учир олон хүний амь гарздалгүй дайсныхаа толгойлогчийг хороодгоороо бусдыг айлгадаг болжээ. Тэр үеийн монголчууд Исмаилийнхний тухай хэр мэдлэгтэй байсан юм бэ? Үүнийг олж мэдэхийн тулд сурвалж бичгүүдийг судлах хэрэгтэй. Гэтэл эрдэмтэн мэргэд Исмаилийн тэр үеийн түүх тэр чигээрээ монголчуудын гарт үрэгдсэн гэж үздэг. Тийм юм уу гэхэд бас тийм биш байдаг. Ном сурвалж үгүй болсныг хожуу тайлбарльяа.

Тэгэхээр Исмаилийн үндсэн сурвалжууд байдаггүй юм бол тэдний тухай бусдаас илүү мэдээлэл үлдээсэн 13-р зууны Иран болон Арабын түүхчдийн бүтээлээс тоймлон үзэхэд Хүлэг Хааны байлдан дагуулал Дундад Дорнодод эхлээгүй байхад Монголын Их Хаад Исмаилийнхантай холбоотой байсан байна. Исмаилийн төлөөлөгч болох Имам гуравдугаар Жалал ал-Дин Нассан/ Jalāl al-Dīn asan (1210-21) Чингис Хаантай 1219 онд уулзсан тухай Ираны түүхч Жувайни H бичсэн байна. Үнэхээр Чингис Хаан 1219-1225 он хүртэл Сартуул буюу Трансоксианы зүгт Хорезм болон Хорасаны нутгийнхныг айлгаж явсан тухай Монголын Нууц Товчоонд гардаг. Эзэн Чингис Хааны тухай болон Монголын тал нутагт хүчирхэж байгаа Монгол гүрний тухай Исмаилийн тагнуулынхан сайн мэдэж байсаны улмаас Жалал ал-Дин Нассан Чингис Хааныг олж уулзсан байж таарлаа. Уулзалт хоёр талдаа амжилттай болсон, учир нь Зэв Сүбээдэй нарын 1220-21 онд Хорасан болон Ираны нутгаар хийсэн анхны дайралтанд Исмаилийн голлон сууршиж байсан Кухистан муж өртөөгүйгээр үл барам Монголчуудаас даажсан олон ард Кухистанд орогнол олсон байна. Эдгээр хүмүүсийн нэг нь алдарт философич, Хүлэг Хааны одон орны судлалын төвийг байгуулсан Насир ал-Дин ūsī (1201-74) байсан байна. Өөр нэг онцлох зүйл бол īr al-Dīn T%ал-Туси/Nas Хорезмын Шагийн эсрэг Монголчуудын довтолгооны тагнуулын албыг Исмаилийнхан залгаж байсныг Арабын сурвалж дурьдсан байдаг.

Монголчуудын Дундад Дорнодод 1230-40 онд хийсэн хоёрдугаар аян дайны үеээр Чормахан хорчи Кухистан хийгээд Аламутын нутгийг тойроод гарчээ. Энэ бол Чингис Хаантай байгуулсан Исмаилийнханы гэрээ хүчин төгөлдөр байсныг гэрчилж ammad$байна. 1246 онд Исмаилийн тэргүүн Ала ал-Дин Мухаммад/‛Alā al-Dīn Muh (1221-55) хоёр элчээ (dā‛īs) Гүюгийг (1246-48) хаан ширээнээ залрах ёслолд илгээжээ. Тэрхүү ёслолд Орос (Суздаль), Хятад (Cathay), Сологос (Корё), Трансоксиан, Хорасан, Ирак, Лур (Афганистан), Иран (Азербайжан), Ширван, Рум, Гүрж, Армяны ноёд, ван гүнтэн хийгээд Ром, Аллеро, Мосул, Багдадын элчээс гадна Аламутын элч оролцсон тухай Карпини номодоо дурьдсан байдаг.
Исмаилийнханы тухай өөр нэг мэдээг Рашид ал-Дин үлдээсэн байдаг. Тэрээр Аламутын элч нарын авчирсан захидалд Гүюг Хаан хилэгнэж маш хатуу үгтэй хариу илгээв гэж бичжээ. Энэ чухамхүү ямар улбаатай байв гэдэг нь тодорхой бус боловч тун их чухал мэдээ байсан байж таарав. Гүюг Хаан Элжигидэй жанжинг тун яаравчлан Ираны нутаг руу илгээж тэнд суурин буй Монгол цэргийн дээд командлалыг гартаа авч Мусалманчуудын цайз хороодыг Исмаилийнхаас эхлэн устгах даалгавар өгчээ. Гүюг өөрөө хойноос нь мордох төлөвтэй байвч удалгүй таалал төгссөн байна. Монгол Исмаилийн харилцаа яагаад муудав гэсэнд тодорхой хариу баримт байхгүй ч ямар ч л байсан муудсан нь илт болов.

Гүюг хааны дараахи Мөнх Хаанд (1251-59) Иран, Кавказ, Анатолийг захиран сууж байсан Монгол жанжин Байжуу Багдадын Калифын тухай гомдол гаргаж байхдаа Исмаилийнхан аюултай болж байгааг танилцуулж байжээ. Үүний баталгаа Армян сурвалжид бас байна: Армяны нутагт захирагч байсан Цагадай хэмээх Монгол жанжинг Исмаилийнхан алсан тухай тодорхой дурьдсан байдаг. Монгол Исмаилийнханы харилцаа биш болсоныг ашиглан Сунни эрдэмтэд (‛ulama’) Дундад Дорнодод Исмаилийнханы улс төрийн ажиллагааны талаар Монгол Хаанд гомдол мэдүүлж эхэлжээ. Түүнээс гадна Исмаилийнхан өөрсдөө байдал эгзэгтэй болж байгаатай холбогдуулан Монгол Хаадын Ордонд нууцаар байн байн үзэгдэх болсон байна. Ромын Пап ламын илгээсэн элч нарын нэг Карпини Мөнх Хааныг алахаар завдаж буй янз бүрээр зүсээ хувиргасан 40 (латинаас орчуулсан зарим хувилбарт 400 гэсэн тоо арай хэтэрсэн тоо болно гэж үзэж байна) ассассин хааны ордонд харагдсан тухай өгүүлсэн байдаг.

Исмаилийн Аламут бол Ираны Казвин мужид байдаг. Тэр үеийн Казвинчууд Сунни мусальманчууд байсан байна. Иймд бөөрөнд нь байгаа буруу номтоныг дарах ариун дайнд тэд зэхэж байжээ. Казвины шашны хуульч (Qāżī) Шамс ал-Дин/ Shams al-Dīn Qazvīnī, Гүюг хааны хаан ширээнд залрах ёслолд оролцосноосоо хойш хэд хэдэн удаа Монгол руу аян замын жолоогоо залах болсны гол шалтгаан бол Исмаилийнханы эсрэг тэмцэлдээ Монголчуудын туслалцааг авахад оршиж байв. Ираны 13-р зууны түүхч Жүзжаны мэдээлснээр Казвины Шамс ал-Дин Мөнх Хаанд Исмаилийнханы бүгж буй уул хадан цайз хийгээд Исмаилийн улс төрийн хорт ажиллагаанаас болгоомжлох талаар сүртэйгээр тайлбарлаж байжээ. Казвин мужийнхан Исмаилийнханыг Мусульман биш гэж үзээд хэдийнээ хоорондоо тулалдаж байсан түүхтэй юм байна. Дээр дурьдсан Чингис хаанд бараалхаж байсан (Нео-Муслим хочит) Жалал ал-Дин Нассан Исламын үнэн алдартан болохоо харуулах ба буруу номтон үзлээсээ татгалзсаныг Казвинчуудад батлахын тулд Багдад орж Исламын үнэн алдартан Сунни болж “уулын өвгөн” Хасан Саббах хийгээд түүний залгамжлагчдын үүсгэн байгуулсан Аламутын алдарт номын санг Казвинчуудын нүдэн дээр галдан шатаасан тухай Жувайни бичсэн байдаг. Гэтэл энэхүү номын сангийн хэрэг Монголчуудад тохоогдсоор өнөөг хүргэсэн байгаа юм.

afar-Nāma'Өөр нэг Ираны түүхч Мустафи Казвини Z түүхэн сурвалждаа Хүлэгийг Иран руу дайлаар мордуулах санааг мөнөөх элч Шамс ал-Дин Мөнх Хаанд анх хэлсэн мэрээр бас бичсэн байдаг. Энэ мэдээ хэр ортойг хэлэхэд бэрх боловч ямар ч л байсан Мөнх Хаан тэртээ дөчөөд жилийн өмнө Эзэн Чингис Хаан Ираны хавь нутгийг байлдан дагуулсан атлаа өнөөг хүртэл тэр иргэдийг Боржигин овогтон захирч байгаагүйг тооцоолон бодож өөрийн дүү Хүлэгийг 1253 оны үхэр жил мордуулж Иран, Рум, Кавказ, Сирийг бүрэн эзэлж цэрэг хийгээд захиргааны үйл ажиллагааг хянах үүрэг өгчээ. Хүлэг 1256 он хүртэл Бат Хааны аяыг даган Окс буюу Аму Дарья мөрний наад эрэг дээр саатсаар зөвхөн 1255 онд Бат Хаан таалал төгссөний дараа буюу 1256 оны эхээр Иранд хүрэлцэн иржээ. Энэ нэг жишээгээр Чингис Хааны үр сад ахын ёсыг ихэд дээдэлж хэдий Тулуй хааны хөвүүн Их Хаанд өргөмжлөгдсөн байсан ч Зүчийн удмын үг илүү нөлөөтэй байсныг гэрчилж байна. Хүлэг хаан Алтан Ордоны нутагт саатаж байхдаа өөрийн өрлөг жанжин Хэт-Бухыг 1253 онд Иран руу илгээж Исмаилийнханы хадан цайзыг буулгаж байх үүрэг өгчээ. Судалгаагаар Исмаилийнханы цайзын тоо 70 гаруй байсан гэж үздэг, зөвхөн Кухистан болон Казвин мужуудад 35 нь байсан байна. Эдгээрийн дунд Гирд-Кух цайз хамгаалалтаа бэхлэн тэмцсээр 30 жилийн дараа Ил Хаан Авагт бууж өгсөн байна. Бусад цайз нь Палестин, Сирийн эрэг хавийн нутгаар тархсан байжээ.

Товчлон хэлэхэд Хүлэг хаан Хэт-Бух, Хөх-Илгэ болон бусад жанжины хамт Исмаилийнханы цайзыг нэг нэгээр буулгасаар тэдний тэргүүн Имам Рукн ал-Дин Хур-Шагийн бүгж байсан Маймун-Диз цайзын (баруун гар талын зураг) бэлд 1256 оны 11-р сарын эхээр ирж уулыг бүслэн авчээ. 4 хоногийн дараа Рукн ал-Дин бууж ирэхээ мэдэгдэн элч илгээж. Элч Имамын хүсэлтийг дамжуулж амь насны баталгааг даасан зарлиг Хүлэг хаанаар гаргуулжээ. Эхлээд Рукн ал-Дин хүүгээ хэдэн сайдтай илгээж, Хүлэг хаан хүүг нь жинхэн хүү биш болохыг мэдээд хүүг буцаажээ. Рукн ал-Дины дараагаар ах дүүсээ нэг нэгээр илгээжээ. Хүлэг хаан хариуд нь танай гэр бүлийг бид хамгаалж байна, тэргүүн та өөрөө уулнаасаа бууж ирнэ үү хэмээн 9 удаа элч илгээж тэвчээртэй хүлээн сууж байж. Рукн ал-Дин өвлийг хүртэл арга чаргаар монголчуудыг саатуулвал Армянаас татаж байсан хоол хүнсний зам өртөө гарцгүй болж монголчуудын морьд тэжээлгүй болох найдлагаар цаг хожихоор тооцоолж. Үүнийг мэдсэн Хүлэг тэр хооронд Хэт-Бух болон бусад жанжинаа хажуугийн бага хамгаалалттай цайзыг буулгахаар явуулсаар байв. Олон цайз хүчтэй эсэргүйцэл (хэт даврагч fidā’īs –ын эсэргүүцэл) үзүүлж байсаны нэг жишээ болох Ламасар цайзын хамгаалагчид бүтэн нэг жил тэмцэж байж буусан байна. Хариу элч илгээх болгондоо Хүлэг хаан Рукн ал-Динд бүх цайз хамгаалалтандаа Монголчуудад бууж өгөх шаардлага тавь гэж дамжуулсаар байж, Рукн ал-Дин ч бага ач холбогдол бүхий цайзаа нэрлээд явуулаад байж. Ингэж олон удаагийн дипламат харилцааны үр дүнд 11-р сарын эцсээр Исмаилийнханы тэргүүн Монголчуудад дагаар орохоор Маймун-Дизээс бууж иржээ. Хүлэг хаан Рукн ал-Диныг анх хараад “нялх тэнэг золиг шив дээ” гэж гайхсан гэдэг. Хүлэг түүнийг найрсгаар хүлээн авч өөрийн орд байрлах Хамадан руу авчирж тэнд хяналтандаа саатуулж байхад Рукн ал-Дин монгол бүсгүйд дурлаж түүнтэйгээ гэр бүл болон Монгол их Хааны хүргэний тоог нэгээр нэмжээ.

13-р зуунд дагаар орсон иргэд, улсын тэргүүнийг Монгол руу илгээж Их Хаад тэдний эрхийг дархалж алба барих буюу албаас чөлөөлөх зарлиг гаргаж пайз болон гэрэгийн өргөмжлөл соёрходог байжээ.Үүний жишгээр Хүлэг Рукн ал-Дин Хур Шагийг 1257 оны 3-р сард Монгол руу өртөөлөн явуулжээ.
Үүнээс хойш тохиосон түүхэн үйл явдал миний гайхширалыг төрүүлсээр байдаг юм. Рашид ал-Дины бичсэнээр бол Мөнх Хаан Исмаилийн Имам Монгол руу ойртон ирж буй мэдээг дуулаад өртөө улааг зовоож тэрийг нааш нь ирүүлж яахав, замд нь хороо гэсэн үүрэг өгчээ. Исмаилийн 70 гаруй цайзын тал хагасаас илүү нь Сири Палестины нутгаар байсан тухайг эргэн санаад, бас тэдний тэргүүнийг дагаар оруулсаны дараа Сунни Багдадын эсрэг Хүлэг Хааны аян дайнд Исмаилийнханыг ашиглах бололцоог бодоод, мөн дайсандаа охин өгч хүргэн болгож худ ургийн харилцаагаар улс гүрнийг төвхинүүлж байсан Чингис Хааныхаа мэргэн ухааныг эргэцүүлэн бодоод ч Мөнх Хаан ийм томоогүй зарлиг гаргасанд итгэж боломгүй байгаа юм.

Исмаилийн түүхийг хамгийн нарийн нягталж бичсэн Жувайнийн өчсөнөөр бол Мөнх Хаан Исмаилийн Имамыг Хар-Хоринд найрсагаар хүлээн авсан боловч Ламасар, Гирд-Кух цайз одоо хүртэл бууж өгөөгүйг сануулан зэмлээд нутагт нь буцааж цайзаа буулгаж өг гэсэн зарлигтай замд нь гаргаад Монголын Тиаб/Ti‛āb (تیعاپ) хэмээх газар хороосон гэжээ. Энэ мэдээ бас л үндэсгүй мэт санагдаад байгаа юм. Учир нь нэгдүгээрт, олон хүчтэй цайзыг буулгах үүрэг өгөөд явуулсан хүнээ яагаад замд нь алах болов? Хоёрдугаарт, Тиаб хэмээх газар маань чухам хаана байна вэ? Нэрт эрдэмтэн Бойл Жувайнийн Ертөнцийг Байлдан Дагуулагч номыг англи хэлнээ орчуулахдаа Тиаб нь Монголын Хангай нуруу юм гэсэн бол, Францын эрдэмтэн d’Ohsson Тунгат гэж орчуулаад тэр нь Тагна уул юм гэж бичжээ. Дундад зууны харийн орны элч төлөөлөгчийн аялж байсан маршрутыг судалбал бүгд Хар Хорин хүртэл Уйгарын нутгаар дайрч байсан байна, үүнийг баримталбал Хангай, Алтай нуруудын урдуур тойрч гарсан зам болох таамагтай тул Тиаб гэдэг маань чухам Монголд юм уу гэдгийг тодруулах шаардлагатай юм.

Жувайний мэдээгээр дагалдан явсан бараа бологчид нь Рукн ал-Диныг хороов гэдгээс улбаалан дагалдан явсан Монгол улаачидыг хэлж байна уу Исмаилиийнханыг хэлж байна уу гэсэн асуулт бас тайлагдаагүй үлдэж байна.
Дүгнэлт болгоод хэлэхэд Сунни Исламын түүхчид Шиа Исмаилийнханыгаа магтан таашаан бичихгүй нь лавтай гэдэгтэй адил Монголчуудыг хараат байсан хүмүүс яагаад ч зөвтгөхгүй нь мэдээж. Иймд Исмаилийн түүхнээ хамгийн муу нэрээр үлдсэн Монголчууд Исмаилийн сүүлийн Имамыг нутагтаа урин хороогоод түүний үр удмыг хүйс тэмтэрч, басхүү тэдний өвөлж ирсэн ном судрыг галдан шатаасан гэдэг мэдээ хэдийгээр тархсан боловч тун эргэлзээтэй зүйл байгаа юм. Өнөө Энэтхэгт аж төрж байгаа Исмаилийн Ага Хан бол Низари Исмаилийн сүүлийн Имамым үр удам гэдгийг Дафтари эрдэмтэн нотлосон байгаа. Иймээс бидний монголчууд өөрсдийн түүхийн судалгааг өөрсдөө хийж түүхийн үнэн зөвийг чадах ядахаараа гаргаж ирэх цаг болжээ гэж хэлмээр байна. Сурвалжууд маань ч эзлэгдэж байсан иргэд бичиж үлдээснийг санаж байх хэрэгтэй.

Та бүхэнд сонордуулсан энэхүү илтгэлийн гарчигийг Эзэн Хааныг Исмаилийнхан Хороосон уу гэдэгт тайлбар хэлэх зүйл байна. 2006 оны 11-р сард энэ илтгэлийн дэлгэрэнгүйг Лондон дахь Исмаилийн Судлалын Төвд хэлцүүлж эрдэмтэн мэргэдээс санал авахад цочирдмоор нэгэн мэдээлэл ирсэн юм. Энэ нь 2007 онд Техран хотноо хэвлэгдэн гарах Диван Гадамиат ( دیون قادمیات) хэмээх нэгэн номонд Эзэн Чингис Хааныг маань Исмаилийнхан хойлоогий нь боож хороосон тухай найраглал бий гэнээ. Хэдийгээр зохиолтой нь танилцаагүй ч үүнийг няцаах нэгэн хариулт надад байгаа юм. Ассассинууд хүн алахдаа хутгалаж алдаг заншилтай байж, энэ бол тэдний мэргэшсэн арга барил, харин эзэн хааныг маань яагаад гараараа алах болсон юм бэ? Эзэн хааны харуул хэвтүүлүүд хэр барагийн хүнийг оруулаад суух байсан юм бол Чингис Хаан аль эрт тэнгэрт халих байсан биз гэдэгт та бүхэн санал нийлэх байхаа.

Хэдийгээр түүхийн шинжлэх ухаанд олон янзын магадлал гарахыг үгүйсгэдэггүй боловч бидний Монголчуудын түүхийг дуртай нэгэн нь гуйвуулах аливаа хандлагад няцаалт өгч, бахархах зүйлээрээ бахархаж сургамж авахаас нь авч, хайрлан хандаж баймаар байнаа.

No comments:

Post a Comment