Monday, May 16, 2011

Солонгосчууд Монголд колони байгуулах эхлэлээ тавив.

Нийтлэлч Х.Мөнх: "Солонгосчууд Монголд колони байгуулах эхлэлээ тавив".

Өнгөрсөн долоо хоногт олон улсын хэмжээнд ч анхаарал татахаар нэгэн үйл явдал тохиолоо. Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймагт очиж ажиллах үеэр БНСУ-ын Засгийн газар, Койка байгууллага болон Монгол Улсын Засгийн газраас мэдэгдэл хийж Дорнод аймгийн Халх голын сав нутагт тариалан хөгжүүлэх зорилгоор солонгосчуудад 270.000 га газар ашиглуулахаар шийдвэрлэснийг зарлалаа. Энэ нь 2700 хавтгай дөрвөлжин км бүхий их хэмжээний нутаг юм. Жишиж хэлбэл, энэ нь өнөөгийн Улаанбаатар шиг хэд хэдэн хот байгуулахад хангалттай хүрэлцэх газар ажээ.

Монголын эрх баригчдын дээрх шийдвэр БНСУ хилийн чанадад дор хаяж зуугаад жилээр тариалангийн газар түрээслэн авах стратеги бодлогоо хэрэгжүүлж буйн томхон илрэл боллоо. 99 жилийн хугацаагаар газар түрээслэх асуудлыг 2006 онд БНСУ-ын ерөнхийлөгч Ро Мүн Хён Монголд айлчлах үеэр хөндөн тавьжээ. Удалгүй солонгос мэргэжилтнүүд, судлаачид хүрэлцэн ирж Халх голын сав газарт судалгааны ажлыг ч хийсэн байна. Гэхдээ, солонгосын компани 99 жилээр газар түрээслэх гэдэг нь Монголд ихээхэн хэл ам дагуулж, авилгын хэрэг ч сөхөгдөв. Ийм учраас солонгосчууд асуудлыг Койка байгууллагаараа дамжуулан зүтгүүлж, газар тариалангийн загвар аж ахуй хөгжүүлэх нэрийн дор удаан хугацаагаар их хэмжээний газар эзэмшин ашиглахаар болж байна. Гарын үсэг зурах ёслолын үеэр солонгос эрхэмүүд болон Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд үүнийг Дорнод аймгийн хэсэг иргэдийг ажлаар хангаж, Монголд солонгосчуудын тарьсан хүнсний бүтээгдэхүүнийг гадаадад экспортлох чухал үйл явдал боллоо гэж мэдэгдэв. Гэвч, гадныханд газраа эзэмшүүлэх нь Монголд юу авчрах вэ гэдгийг дэлхийн эрдэмтэд их л өөрөөр харж байгаа ажээ.

Хоёр жилийн өмнө Монголд болж байгаатай яг ижил асуудал олон улсад ихээхэн шуугиан тарьж, олон улсын нэр хүндтэй мэдээллийн хэрэгсэлүүдээр ахин дахин цацагдаж байсан юм. Өмнөд Солонгосчууд Африк тивийн өмнөд эргийн Мадагаскар улсад 10 гаруй мянган хавтгай дөрвөлжин км хөндөгдөөгүй газрыг тариалангийн зориулалтаар 99 жилийн хугацаатай хямд түрээслэхээр тус улсын засгийн газраар нь зөвшөөрүүлсэн байна. Гэвч энэ шийдвэр нь тус улсын иргэдийн зүгээс болон улс төрийн хүрээнд ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, улмаар Мадагаскарын шинээр сонгогдсон засгийн газар нь өмнөх засгийн газрынхаа дээрх шийдвэрийг цуцалж байжээ.

Мадагаскарт болсон үйл явдалтай холбогдуулан НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага хүнс импортлогч орнууд ядуу буурай орнуудад “шинэ маягийн колони”-ийн систем бий болгож байна гэж шүүмжилж анхааруулсан юм (Тухайлбал, энэ асуудлыг Анлийн “Financial Times”-д хөнджээ: http://www.ft.com/cms/s/0/ea8de830-b5d9-11dd-ab71-0000779fd18c.html...).

Учир нь, НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага дэлхийн хүн амын хурдтай өсөлт, экологийн доройтлоос шалтгаалан 40-50 жилийн дараа хоол хүнс нь дэлхий дээрх хамгийн үнэтэй бүтээгдэхүүн болж хувирна гэдгийг судлан тогтоосон юм. Жиших юм бол, ирээдүйд хүнс хоол нь өнөөгийн нефт шиг л адармаатай асуудал болно гэсэн үг. Гэхдээ, одоо ч газар тариалангийн бүтээгдэхүүний үнэ маш хурдтай өссөөр байгааг бид харж байна.

Хятад, Өмнөд Солонгос зэрэг улсууд дээрх асуудлыг урьдчилан харж өөрийнхөө хүнсний хангамжийг баталгаажуулахын тулд одооноос ядуу буурай орнуудыг хараандаа авч хөдөлж эхэлж буй ажээ. Мадагаскарт болсон үйл явдал ч үүний бодит жишээ. Судлаачдын үзэж буйгаар шинэ колоничлолын гэгдэх энэ бодлого ирээдүйд ядуу орнуудад ихээхэн хохиролтой байх ажээ. Одоохондоо газар тариалангийн технологи хөгжөөгүй, мэдлэггүй байгааг нь далимдуулан явуулж буй энэ зальт бодлогын уршгаар тэдгээр ядуу орнууд эргээд өөрсдөө хүнсний хомсдолтой нүүрлэж, улмаар мухардалд орох юм. Өөрөөр хэлбэл, хүнсний үнэ тэнгэрт хадаж эхлэх тэр үед тэдгээр ядуу орнууд өөрсдөө хөдөө аж ахуйн салбартаа юу ч хийж чадахааргүй болж хоосон хоцорсон байх ажээ. Чухам ийм учраас л НҮБ дээрх явдлыг түрэмгий үйл ажиллагаа гэж шүүмжилж байна.

Монголд яг л дээрх үйл явдал болж байна. Уур амьсгал нь хуурай, ихэнх нутагт хөрс нь эмзэг Монгол бол газар тариалан эрхлэх нутаг нэн хомс орны тоонд ордог. Гэхдээ, 90 оноос өмнө оросууд Дорнод Монголын тэрхэн хэсэг Халх голын сав газрыг ирээдүйд Монголын хамгийн үржил шимтэй хөрстэй, стратегийн газар тариалангийн бүс байх болно гэж тогтоосон байдаг юм. Монголчууд ашиглаагүй шахуу үлдээсэн шимт хөрстэй, усны нөөц бүхий сүүлийн ганц энэ бүс нутгийг өнгөрсөн долоо хоногт солонгосчууд албан ёсоор ийнхүү гартаа оруулж авлаа. Монголын засгийн газар, УИХ-ын гишүүд болон солонгосчууд энэ сав газраас монголыг хүнсээр давхар хангана гэх мэт сайхан тайлбар хийж байгаа боловч, аль ч тохиолдолд солонгосчууд өөрийн хүнсний хангамжаа баталж, монголчууд өөрийн нутагт ургуулсан хүнсийг гадныхнаас худалдаж авахаар болж байгаа нь эрүүл ухаантай хэнд ч ойлгомжтой байна. НҮБ-аас ядуу орнуудад анхааруулсаар байтал Монголын эрх баригчид үлдсэн ганц тариалангийн бүс нутгаа УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр нухацтай хэлэлцэлгүй гадныханд өгч ашиглуулахаар боллоо.

Төв азийн Монгол Улс нь Солонгосчуудын хувьд Мадагаскараас арай онцлог улс юм гэдгийг энд давхар дурдах нь зүйн хэрэг болов уу. Сүүлийн үед Монгол нь солонгосын үндэсний үзэл, улс төрийн бодлогынх нь бай болж байгааг мэдээллийн хэрэгслээр хөндөн бичих болов. Юу гэвэл, солонгосчууд Монголыг, ялангуяа Дорнод Монголыг өөрсдийн өвөг дээдсийн өлгий нутаг гэж шууд зарлаж байгаа нь ч санаандгүй зүйл биш. Өмнөд Солонгосын түүхчдийн дунд өөрийн үндэстний гарал үүслийн талаар маргаан байдаг юм байна. Хэсэг эрдэмтэд нь солонгос үндэстэн Зүүн Өмнөд Азийн хүмүүстэй холбоотой гэх буюу Солонгосын хойгийн уугуул ард түмэн гэж үздэг бол өөрийн түүх, соёл дахь хятадын нөлөөг үгүйсгэдэг үндэсний үзэлт түүхчид нь солонгос үндэстэн Монголд үүссэн гээд үүнийгээ онолын түвшинд гарган тавихыг оролддог байна. Гэхдээ, Өмнөд Солонгосын улс төрчид үндэсний үзэлт түүхчдээ илт дэмжиж байгаа нь харагддаг.

Тухайлбал, 2006 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Монголд айлчлахдаа монгол, солонгос ижил гэсэн санааг гэж хэлж байсан юм. Мөн хэдхэн хоногийн өмнө л гэхэд, Өмнөд Солонгосын Үндэсний ассамблейн гишүүн Ким Чхун Хван Монголд айлчлахдаа Улсын Их хурлын дарга Дэмбэрэлд Монгол бол бидний өвөг дээдсийн газар нутаг юм шүү гэдгийг нүүрэн дээр нь хэлж байна билээ. Монгол суугаа Өмнөд Солонгосын элчин сайд Пак гэгч Ийгл телевзээр ярилцлага өгөхдөө Монгол бол солонгосчуудын өвөг дээдсийн нутаг гэдгийг ч монгол үзэгчдэд давхар сануулж байв.

Хэдхэн жилийн өмнө Өмнөд Солонгосын эрдэмтэд Дорнод Монголд солонгос хороолол байгуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж буй тухай мэдээлал гарч байсан билээ. Юутай ч, дэлхий нийтэд шинэ колоничлолоос болгоомжлохыг сануулан буй энэ үед Өмнөд Солонгосчууд Дорнод Монголд их хэмжээний газар эзэмших стратегийн зорилгоо хэрэгжүүлэхээр өнөөгийн Монгол Улсын Их Хурал, Засгийн газраар албан ёсоор шийдвэр гаргуулж байна. Монголын Засгийн газарт өөрийн ард иргэдээ хүнсээр хангах, үндэсний аюулгүй байдлаа бататгах хөдөө аж ахуйн олигтой бодлого, стратеги алга. Монгол нь Чили зэрэг орон шиг авхаалжтай хөдөлж, бусдаас суралцсан зүйлгүй. Харин, гадны улсын хүнсний хангамж, түүхий эдийн бааз болж, түүнд нь хямд ажиллах хүчин бэлдэж өгдөг орон болох замруу явж байна.

Солонгосчууд авилгад идэгдсэн өнөөгийн Монголын төрийн багууллагуудаар шийдвэр гаргуулж өөрийн бодлогоо гүйцэлдүүлэх нь асуудлыг анх тавих үеэс л мэдэгдэж байсан юм. Монголын төрийн эрхэнд буй эрхэмүүдийн дотор аль нэг улсын заавраар хөдөлдөг бүлэг ч хэдийн бий болж ингэж хүчээ авсан байж магадгүй гэж ярилцах болсон билээ. Магадгүй ч гэж дээ. Тэртээ тэргүй иргэд Монголын төрийн байгууллагууд ямар болсныг мэдэж байгаа.

Ямартай ч, одоогоор үйл явдал эхлэл шатандаа явж байна. Монголын иргэд, улс төрийн хүчнүүд үүссэн нөхцөл байдалд яаж хандах, юу хийхийг цаг хугацаа харуулна байх. 1990-ээд онд Монголын Засгийн газар Монголын агаарын орон зайг гадны нэг компанид 99 жилээр түрээслэхээр шийдвэр гаргаж байсныг нь цуцлуулж байсан нэгэн хэрэг явдлыг уншигчид нэг санахад илүүдэхгүй биз ээ.

Х.Мөнх

-------------------------------------------------------------------------------------------------------

http://uugan_n.blog.gogo.mn/

"Газаргүй Монгол"

дээдэс минь бидэнд алт мөнгө, зэс жонш гээд бүх төрлийн ашигт малтмал бүхий уудам газар нутгийг үлдээсэн. Харин өвгөдийнхөө үлдээсэн энэ их баялагт эзэн суух хувь бидэнд хуруу дарам дутаж байна. Хэдхэн нөхөд гадны гар хөл болон ашигт малтмалаа өгөөд дуусаж байна. Гэтэл тэд газар доорх баялгаа бусдад өгөөд зогсохгүй газраа худалдах дээрээ тулжээ. Юу гуйсан гэж газраа өгөх гэж байгаа юм бүү мэд. БНСУ монгол улсаас түрээсээр газар авахаар олон жил хөөцөлдөж байгаа. Миний мэдэхээр лав Нийслэл хотын далан давхарыг Солонгос хороолол болгох хүсэлт тавьж байв. мөн Яармагийн дэнж дээр өөрийн хороололоо босгох тухай хүсэлтээ илэрхийлж байлаа. Үүний зэрэгцээ өмнөговь аймгийн газар нутгийг 100 жилийн хугацаатай түрээслэнэ гэсэн шум бас л тарж байсан. Энэ бүхний эцэст тэд зорилгодоо хүрчээ. Хүрэх хүрэхдээ бүр бидний хүнсрүү дайрчээ. Солонгос улс газар нутаг багатай. дээр нь хөдөө аж ахуйн салбар нь эрүүл хүнс үйлдвэрлэх боломж нь хомсдож байгаа. Энэ утгаараа олон жилийн турш бидний толгойг эргүүлсэн Солонгосчууд халх голын ай сав нутагт газартай болжээ. 270,000 га талбайг 99 жилийн хугацаатай Монгол улсаас авсан гэнэ. Халх голын ай сав нутаг нь хэзээнээсээ Азийн зарим улсыг шүлсээ унгаж нүдээ өгөхөөр улайрч байсан газар. Япончууд тэртээх 1939 онд энэ газарт л эзэн суух гэж Монгол улсруу халдан довтолж байсан билээ. Нэгэн Япон цэргийн тэмдэглэлийн дэвтэрт би халх голыг эзлээд эзэн хаанаасаа газар авна. Тэгээд эндээ газрын эзэн болно гэсэн тэмдэглэл байсан. Өнөөдөр ч халх голын музейд энэ тэмдэглэл хадгалагдаж байгаа. Харин өнөөдөр энэ нутагт Япон бус солонгосчууд эзэн суужээ. Манай төр засгийнхан энэ нутагт солонгосчууд газар тариалан эрхлэнэ. тэгээд монголчуудад цэвэр хүнс өгнө гж яриад байна. Үнэн хэрэгтээ өөрийн улсын хүнсний аюулгүй байдлаа хангах гэж монгол улсын газар нутаг дээр эзэн сууж байгааг үл ойлгоно. Үл ойлгосон гэхээсээ илүү мөнгө хахуульд төрийн эрхэмүүд автсан байх. Эхний хэдэн жилдээ бидэнд хүнс нийлүүлэх л байх. харин өөрийн нутагт нь ногоо ургахаа болиод ирэхийн цагт монголоос хүнсээ зөөнө. Бид юу ч хийж чадахгүй. Ер нь буурай хөгжилтэй улс орныг эзлэх нэг арга нь санхүүгийн түрээс. нөгөөх нь газар нутгийн түрээс гэж олон улсынхан анхааруулж байна. ЯГ энэ аргыг монголд Солонгосчууд хийчлээ. Бид юу ч хийж чадсангүй. Хэрэ өгөх гээд байсан л юм бол өөр газар нутгийг түрээслэж болоогүй л юм байх даа гэсэн халаглал олон хүнд бий. Яагаад заавал халх гол гэж... Монгол улсын хамгийн үржил шимтэй газар нутаг халх гол гээд хэдэн жилийн өмнө тогтоосон. Бас атрын аян халх голын зүг чиглээд байгаа билээ. Халх гол гэсэн нэрийн бүтээгдэхүүн бий болох боломж бас бий. харин энэхүү боломжийг Солонгосчууд биднээс булаачихлаа.

Жич та миний бусад үзэл бодолтой танилцмаар байвал http://uugan_n.blog.gogo.mn/ руу орж үзэж болно. Та орно гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа.


Tag Газар тариалан

Одоогоос сарын өмнө “Тэргүүн” сонинд “Амины үнэтэй, цусны толботой Халхын гол харийнхны гарт очих гэж байна” гарчигтай нийтлэл хэвлэгдсэн билээ. Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав аймгийнхаа Иргэдийн хуралд санал оруулж Халхын голын сав газраас 170,000 га газрыг хууль зөрчин, зарах гэж байгаа тухай баримт нотолгоотойгоор мэдээлсэн. 170,000 га газар зарах тухай энэ асуудал Аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгч нэртэй хэдхэн хүний дунд яригдаж, тогтоол гаргасан байсныг мэдсэн ард иргэд эсэргүүцэж, Ц.Жанлав дарга өөрийгөө гэм буруугүй хэмээнхэвлэлийн хурал хийж, “Тэргүүн” сониныг шүүхэд өгнө гэж заналхийлж байсан ч энэ нийтлэл гарсны дараа Дорнод аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгч Н.Хүрэлбаатар тогтоолоо хүчингүй болголоо. Ингэснээр “Халх гол” төсөл хэрэгжүүлэх нэрээр их хэмжээний газар эзэмшихийг санаархаж байсан Солонгосчууд, тэдэнд найр тавьж, хөрөнгө оруулалт татах нэрээр эх орныхоо газар нутгийг худалдах гэж байсан албан тушаалтнуудын санаархал хэрэгжих боломжгүй болж байгаа юм.


Амины үнэтэй, цусны толботой Халхын гол харийнхны гарт очих гэж байна
ГАЗРЫН НАЙМААГААР МЭРГЭШЭЭД БАЙГАА ДОРНОДЫН ЗАСАГ НОЁН Ц.ЖАНЛАВ ХАЛХ ГОЛЫН 170 МЯНГАН ГА ГАЗРЫГ СОЛОНГОСЧУУДАД ЗАРАХААР УЛАЙРЧ ЭХЭЛЛЭЭ
Дорнод аймгийн засаг дарга Ц.Жанлав гэгч хэмжээ хязгааргүй баян, хэнд ч дийлддэггүй эрх дураараа, хууль дүрэм гэдэгт баригддаггүй том эр байх юм. 2008 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ нуусан хэргээр Авилгалтай тэмцэх газарт хүртэл шалгагдаж байсан энэ эр Улаанбаатар хотод байх дөрвийн дөрвөн орон сууцны байраа яагаад Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй тухайгаа тайлбарлахдаа “Манай эхнэр хаана хичнээн байртайг би мэдэхгүй” хэмээн ярьж олон хүнийг гайхашруулсан. Дорнодод хамгийн үнэтэй машин унадаг, хамгийн өндөр орлоготой, бас болоогүй хамгийн чинээлэг энэ эр үнэндээ хаана ямар байр, байшин барилга байгаагаа мэдэхгүй болтлоо баяжчихсан юм байлгүй. Хэнтий аймгаас гаралтай энэ эр өмч хувьчлалын үеэр Дорнодын махны үйлдвэрийг худалдаж авч, 1000 гаруй ажилчинтай байсан том үйлдвэрийн хаалгыг барьсан. Харин Засаг дарга болсноосоо хойш хотод хичнээн байр савтайгаа ч мэдэхгүй болтлоо огцом баяжаад байгаа юм гэсэн. Сүүлийн зургаан жил Дорнод аймгийн Засаг даргаар ажилласан Ц.Жанлавыг газрын наймаа, тусгай зөвшөөрлүүдийн хүчээр асар хурдан хугацаанд баяжчихсан хүн гэж ярьж байна. Энэ яриа ч ор хоосон зүйл биш бололтой.
Амины үнэтэй, цусны толботой Халхын гол харийнхны гарт очих гэж байна
Халхын гол. Энэ нэр Монгол хүн бүрийн сэтгэлд халуун дулаанаар оршиж, Монгол хүн бүрийн бахархал болон зүрхэнд дүрэлзэж байдаг. Чиний миний, таны өвөө, эмээ энд бүлээн цусаа урсгаж, халуун амиа зольж, сөөм ч газрыг харийн дайсанд алдахгүй гэхдээ цээжээрээ хамгаалж үлдээсэн юм. Гэтэл эх орны торгон хил, цусны толботой, амины үнэтэй энэ ариун дагшин газар харийнхны мэдэлд очиход бэлэн болчихоод байна. Одоогоос 10 гаруй жилийн өмнө Япончууд халхын голын раойнд цагаан буудай тариалах гэж туршиж үзээд чимээгүй алга болчихсон юм гэнэлээ. Тэгвэл өнөөдөр Халхын голын районы 170 мянган га газар Солонгосчуудын мэдэлд очих дээрээ тулчихаж. Худлаа гэвэл, итгэхгүй байвал баримтыг нь үз. Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав гэгч улаандаа гарсан эр 2010 оны 5 сарын 7 ны өдөр аймгийнхаа Иргэдийн хурлын тэргүүлэгч гэх цөөн хэдхэн хүнийг цуглуулж байгаад Дорнод аймгийн Иргэдийн хурлын 26 тоот тогтоол гэгчийг гаргачихаад сууж байна. Уг тогтоолд:
1.Атаршсан 40 мянган га газрыг зориулалтын дагуу газар тариалангийн эргэлтэнд оруулж, эрчимтэй ашиглахыг эзэмшигч, аж ахуй нэгж, иргэдэд даалгасугай.
2.Атаршсан газрыг газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгжид дахин эзэмшүүлэх ажлыг холбогдох газрын тооцоо судлагаа, санал дүгнэлтийг үндэслэн зохион байгуулж, ажиллахыг Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал \Ц.Насанхүү\ Засаг дарга \Ц.Сүхбаатар\ нарт даалгасугай.
3. “Халхгол төсөл”-ийн хүрээнд 170 мянган га шинээр атар газар эзэмшихтэй холбогдуулан газар эзэмших, хөрөнгө оруулах сонирхол бүхий гадаад дотоодын аж ахуй нэгж байгууллагуудын хөрөнгө оруулалтын 5-10 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө мөнгийг гүйцэтгэлийн баталгаа болгож, аймгийн хөгжлийн санд төвлөрүүлсний үндсэн дээр газар эзэмших, эрх олгохыг аймаг сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай” гэсэн байх юм. Дорнод аймагт 40 мянган га газрыг тариалангийн чиглэлээр ашиглаж байгаа гэх боловч үнэн хэрэгтээ энэ газрын арван хувийг ч бүрэн ашиглахгүй байгаа. Албан бус мэдээллээр тус аймгийн хэрэгцээг хангахад 2 мянган га газар л хангалттай гэнэ. Тиймээс бусдын эзэмшилд шилжүүлсэн 40 мянган га газраа бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байж яагаад 170 мянган газар дахин бусдад өгөх гээд байна вэ? гэсэн хардлага зүй ёсоор гарч ирж байгаа юм. Учир мэдэх олон хүмүүс энэ асуудалд газрын наймаагаар гаршсан Ц.Жанлав тэргүүтэй цөөхөн хэдэн хүнийг буруутгаж, Халын голын раойны газар нутгийг харийнханд өгөх гэж байна хэмээн ярьцгааж байна. Үнэхээр ч хардахгүй байхын арга алга.
170 мянган га газар зарах нууц хуйвалдаан
Өнөөдөр Халхын голын раойны 170 мянган га газрыг бусдад худалдах гэж байгаа гэдгийг төрийн эрх мэдэлтнүүд бүү хэл, аймаг орон нутгийнхан ч мэдэхгүй л сууж байна. Хамгийн хачирхалтай нь 170 мянган га газар буюу бүхэл бүтэн нэг сумын нутаг дэвсгэртэй тэнцэхүйц хэмжээний том газар зарах шийдвэрийг аймгийн Засаг дарга, Иргэдийн хурлын тэргүүлэгч нэртэй 5-6 хүнтэй нийлж сууж байгаад л гаргачихаж. Дорнод аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 26 тоот тогтоолд “Халхгол төсөл”-ийн хүрээнд 170 мянган га шинээр атар газар эзэмшихтэй холбогдуулан газар эзэмших, хөрөнгө оруулах сонирхол бүхий гадаад дотоодын аж ахуй нэгж байгууллагуудын хөрөнгө оруулалтын 5-10 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө мөнгийг гүйцэтгэлийн баталгаа болгож, аймгийн хөгжлийн санд төвлөрүүлсний үндсэн дээр газар эзэмших, эрх олгохыг аймаг сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай” гэсэн үг үсэг дурайж байна. Гэвч энд хичнээн төгрөгний хөрөнгө оруулалтыг хэн хийх, “Аймгийн хөгжлийн сан” –д тушаах ёстой 5-10 хувь гэдэг нь хичнээн төгрөг болох, Дорнодын 170 мянган га газарт хэн хөрөнгө оруулах гэж байгааг огтхон ч дурьдсангүй. Зүгээр л битүү хатуу үг хийгээд ямар ч байсан газар зарах эрхээ энэ 26-р тогтоол гэгчээрээ л баталгаажуулж авсан бололтой юм. Энэ том тогтоолыг гаргахдаа Аймгийн Иргэдийн төлөөлөгч нарт ч мэдэгдсэнгүй. Хуйвалдаан ердөө л хэдхэн хүний дунд яригдаад өнгөрчихөж. АН-ын гаралтай нэг төлөөлөгч “Халх голын раойны газар зарах тогтоол гарсан” гэдгийг сонсоод Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Хүрэлбаатар гэгчтэй уулзаж, асууж тодруулсан юм байх. Хүрэлбаатар дарга хэл амнаас айсан юм байлгүй “Ер нь бол тийм зүйл яригдсан. Гэхдээ баталгаажаагүй шүү дээ” гээд л бултчихаж. Иргэдийн хурлын төлөөлөгчид нилээн нэхэл дагал болж байж, энэ 26 тоот тогтоолыг олж авч, “Энэ чинь юу юм бэ?” гэж Н.Хүрэлбаатараас дахин асуухад “Өө. Нэг иймэрхүү юм яригдсан. Гэхдээ хүчин төгөлдөр зүйл биш. Манай бичээч андуураад биччихсэн байна лээ” хэмээн хамаг бурууг жирийн нэг албан хаагч руугаа чихэхыг оролдсон байх юм. Гэтэл энэ тогтоол нь албан ёсны тамгатай, тоотой, өөрийнх нь гарын үсэгтэй, баахан “Олгосугай, Шилжүүлсүгэй, Даалгасүгэй” гэсэн үг өгүүлбэртэй, тэдний газар зарах гэсэн далд санааг бүрэн дүүрэн илчилчихээд байхад Иргэдийн хурлын дарга айж сандарч, албан хаагч нэг бичээч эмэгтэйг буруутгах гэж оролдож байхыг бодоход хэрэг нь илэрчих вий гэж их л айцгааж байгаа бололтой юм. Ингэхэд Дорнод аймгийн Иргэдийн хурлын дарга Н.Хүрэлбаатар гэгч хэн бэ? гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирж байна. Н.Хүрэлбаатар өмнө нь Засаг дарга Ц.Жанлавын орлогч байжээ. Орон нутгийн сонгуулийн дараа Засаг дарга лобби хийж, өөрийн орлогч байсан Н.Хүрэлбаатарыг ИТХ-ын даргаар гаргаж ирсэн гэдэг яриа хүртэл хэсүүчилж явна. Тиймээс Ц.Жанлав Иргэдийн хурлын даргаараа өөрийнхөө хуучин орлогчийг томилуулчихаад аймагт бүх эрх мэдлийг гартаа авч чаджээ. Энэ хүн ИТХ-ын дарга бус Ц.Жанлавын туслахийн л үүрэг гүйцэтгэдэг бололтой.
Солонгосчууд Халх голын газар нутгийг түрээслэх хүсэлтийг удаа дараа гаргаж байжээ
Нэг хэсэг алт ухаж, газар хөндөж, ашигт малтмалын төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцдаггүй байсан харийнхан өнөөдөр Монголд уул уурхай биш газар тариалан эрхлэх сонирхолтой болцгоож байгаа гэнэ. Тэр ч бүү хэл солонгосчууд Дорнодын Халх голыг газар тариалангийн бүс болгох төсөл хэрэгжүүлэхээр хүсэлт тавьсан юм байх. Солонгосчуудын хорхойсоод байгаа Халх голын сав газар бол үнэхээр үржил шимт хөрстэй. Аль 1970-аад онд энд Халх голын САА гэж том айл байлаа. Халх голын САА 1989 онд 35.000 тонн үр тариа хураан авч улсын аварга болж байсан түүхтэй. Тэр үед үтрэм дээр ургац нь багтахгүй хальж, Чойбалсан хотын гурилын үйлдвэр рүү ачуулаад ч дийлдэхгүй, их үр тариа асгарч байж. Ямар сайндаа Дорнод аймгийн хэмжээнд тэр их буудайг агуулах сав олдохгүй сандарч, хөрш зэргэлдээ Хэнтий аймаг руу ачуулж байх вэ. Тэр ч бүү хэл ургацаа хадгалах савгүй болж, Чита муж руу ачуулж байсан гэдэг. Хэдхэн жилийн өмнө ургац найгаж байсан энэ газар өнөөдөр атаршчихаад байгаа нь үнэн. Гэхдээ Атрын гурав дахь аяныг эхлүүлж, өөрсдийн хүч хөрөнгөөр өөрсдийнхөө идэх хүнсийг бэлтгэж, нэг ч гэсэн хүнийг ажлын байртай болгох хүсэлтэй олон мянган хүн эх орны торгон хил Халхын голыг харийнханд өгөхийг эсэргүүцэж байгаа. Үнэнийг хэлэхэд Солонгосчууд энэ газар нутаг дээр тариа тарьж, ногоо суулгаж, түүнийг нь монголчууд иднэ гэхэд итгэх хүн алга. Солонгосчуудын бүхэл бүтэн том хот Халхын голын хөвөөн дээр л бий болно гэдэгт тэд эргэлзэхгүй байна.Өнөөдөр Ц.Жанлав өөрийнхөө энэ хууль бус шийдвэрийг өмгөөлөхийн тулд “Халхын гол төсөл” гэгчийг урьдаа барьчихаад байгаа. Гэвч энэ төсөл нь тун бүрхэг. БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны “Койка” байгууллагын санхүүжилтээр “Халх голын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах” төсөл гэгчийг л хийсэн гэдэг мэдээлэл л байна. Энэ төслийн хүрээнд Солонгос ноёд Дорнод аймгийн Халхгол сумаас 270,000 га талбай авах сонирхолтой байгаа юм гэсэн. Гэвч энэ асуудлыг Засгийн газар дэмжээгүй. Т.Бадамжунай сайд танилцуулгыг нь үзээд л өнгөрсөн аж. Халхын голын раойн бол газар тариалангийн бүс нутгаас хамгийн их үржил шимтэй хөрс. Энэ нутгийн хөрс Сэлэнгийн хөрснөөс хэд дахин илүү үржил шимтэй, газар тариалан эрхлэхэд хамгийн тохиромжтой. Гэхдээ газрын үржил шим ч гэсэн хязгаартай. Халх голын ойролцоох газар нутаг хэзээ нэгэн цагт Монголчуудыг тэжээж, амин зуулгыг нь залгуулах ёстой. Дээр нь түүхийн онц дурсгалтай газар. Тиймээс энэ нутгийг харийнханд өгч хэрхэвч болохгүй гэж учир мэдэх улс ярьж байна. Тэр ч бүү хэл Халхгол төслийг дэмжигч хэдэн нөхөр Монгол улсын Ерөнхий сайдад төслөө танилцуулах, түүнээс дэмжлэг авах гэж нэг бус удаа оролдсон ч Сү.Батболд тэднийг хүлээж аваагүй гэж албаны эх сурвалж мэдэгдэж байна. Энэ бол жижиг асуудал биш. Их хэмжээний газар нутагтай холбоотой асуудал учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж, Засгийн газар дээр хэлэлцэгдэж төрийн түвшинд хүртэл яригдах нь тодорхой. Гэтэл Ц.Жанлав өнөөдөр Ерөнхий сайдын хэмжээний том асуудлыг бие даан шийдэж, Солонгосуудад Халхын голын раойны газар нутгаас хэсэгчлэн зарсаар байгаа гэнэ.
Түндэмүн сауны солонгос ноёд Халхын голд 40 мянган га газар эзэмших эрхтэй гэв үү?
Энэ мэдээллийн мөрөөр сурвалжилж байхад “Түндэмүн сауны солонгос ноёд Халхын голд 40 мянган га газар эзэмших эрхийг Ц.Жанлаваас авсан” гэсэн чихэнд чимэггүй мэдээлэл чих дэлсэж байна. Улаанбаатар хотод байх “Түндэмүн” сауны эзэд “Хан Соламон” компанитай аж. Тэд Ц.Жанлаваас 40 мянган га газар авчихсан байгаа. Сүүлийн үед Ц.Жанлавын эхнэр байн байн Солонгосруу нисдэг болсон нь ч үүнтэй холбоотой. Харин ямар үнээр 40 мянган га газар зарсан нь тодорхойгүй байна гэж Дорнодчууд ярьцгааж байна билээ. Сүүлийн үед огцом баяжиж, хаана ямар хөрөнгө мөнгөтэйгээ ч мэдэхээ больчихоод байгаа Ц.Жанлавыг зургаан жил аймгийн Засаг даргаар ажиллах үед Чойбалсан хотын А зэрэглэлийн бүсэд байх бүх газар эзэнтэй болчихсон гэнэ. Хууль дүрмийн дагуу бол газрыг дуудлага худалдаагаар оруулах ёстой гэнэ. Гэвч бүх газар дуудлага худалдаагаар орсонгүй. Аймгийн төсөв төлөвлөгөө батлахдаа “Газрын орлого 40 сая төгрөг аймгийн төсөвт оруулж ирнэ” гэж албатай юм шиг ярьцгаадаг. Гэвч газар бусдын өмч болж хувираад байдаг. Харин төсөвт орж ирэх ёстой мөнгө үргэлж тасардаг аж.
Ерөнхий сайд С.Баяр Адуунчулууны уурхайн нөөц 1044 га газрыг МАК-ынханд худалдчихсан гэж үү?
Дорнод аймгийн Адуунчулууны нүүрсний уурхай гэж том уурхай бий. Чанар муутай, үнэ хямд нүүрстэй гэж зарим хүн адладаг ч гэсэн энэ уурхай олон жил Дорнодчуудыг галаар таслаагүй, бас болон хүний амь амьжиргаа болж байгаа газар. Ц.Жанлаваас өмнө Дорнод аймгийн засаг даргаар ажиллж байсан хүн түүнээс арай л илүү ухаантай эр байсан бололтой. Уурхайн нөөц газар болох 1044 га газрыг аймгийн тусгай хэрэгцээнд авчихсан байсан аж. Харин Ц.Жанлав энэ газрыг бас л нөгөө Иргэдийнхээ хурлын хэдэн тэргүүлэгч нартай нийлж байгаад хуйвалдаан зохиож, аймгийн тусгай хэрэгцээнээс гаргаж, МАК компанид өгчихөж. Хятадуудтай хамтран Шивээ овоогийн нүүрсийг урд хилээр зөөж байгаа МАК-ынханд аймгийн тусгай хэрэгцээний газрыг ямар үнээр өгсөн, яагаад тэд нарт олгох болсон нь бас л тодорхойгүй. Харин энэ талаар асуулга тавьсан Иргэдийн хурлын төлөөлөгч нарт “Ерөнхий сайд С.Баярын хүсэлтээр газар олгосон” хэмээн шивнэж байсан сурагтай. Гэвч түүний үгэнд итгэх хүн өнөөдөр алга. Зальтай, мэхтэй, албан тушаалдаа хайртай энэ эр хэл амнаас айсандаа Ерөнхий сайдын нэрийг барьж байна хэмээн хардаж байна лээ. Хамгийн харамсалтай нь Ц.Жанлавын буянаар нүүрсний нөөц газраа МАК-ынханд алдсан Адуунчулууны нүүрсний уурхайнхан газраа буцааж авахын тулд шүүхэд гомдол гаргаж, цаг, цаас хоёроо гарздаж сууна. Нэгэнт аймаг орон нутгийн удирдлагатай хуйвалдаад нөөц газрыг нь өөрийн болгочихсон мөнгөтэй, чадалтай энэ хүмүүс шүүхийнхэнг ч дор нь гартаа оруулчихна. Тэгэхээр Адуунчулууны уурхайн нөөц хятад эздийн гарт л очино хэмээн уурхайчид сэтгэл зовниж байгаагаа нуухгүй байна лээ.
Жанлавын “Жадав” компани 1000 гаруй га газар хайгуул хийх тусгай зөвшөөрөлтэй
Ц.Жанлав гэгч энэ этгээд хөрөнгө орлогоо мэдүүлүүлэхдээ “Жадав”, “Дорнод” нэртэй хоёр компаниа бас л нуучихсан байсныг Авилгалтай тэмцэх газрынхан илрүүлсэн юм гэнэлээ. Гэвч мань эр.”Би энэ компаниудаас хувьцаа эзэмшихээ болиод удаж байгаа, өөр хүний нэр дээр шилжүүлээд өгчихсөн. Гэтэл үүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ орхигдуулсан байна...” гэдэг тайлбар хийгээд өнгөрсөн. Мань хүн хувийнхаа компанийг хэнд шилжүүлсэн нь одоо хүртэл тодорхой бус байгаа. Гэхдээ түүний нэр дээр байдаг байсан “Жадав” гэгч компани 1000 гаруй га газар хайгуул хийх тусгай зөвшөөрөлтэй. Ц.Жанлав Аймгийн засаг дарга болсныхоо дараа хувийн компанидаа үйлчилж, тусгай зөвшөөрөл, газар эзэмших эрхийг бөөн бөөнөөр нь авсан гэдэг мэдээлэл ч чих дэлсэж байна билээ.
Ерөнхий сайдаа аймаг хувьчлаад авчихсан аймгийн дарга нараа яах вэ?


Энэ мэтчилэн тоочоод байвал Дорнод аймгийн Засаг даргын тухай асар их баримт, асар их “но” гарч ирэх бололтой. Засаг дарга гэдэг энэ албан тушаал эзэн хаан гэсэн үг биш биз дээ. Яахаараа энэ хүнд хууль дүрэм үйлчилдэггүй юм бэ? Ц.Жанлав гэгч энэ нөхөр Дорнод аймгийн МАХН-ын хороог толгойлдог. Бас болоогүй Засаг дарга нь. Гэвч 2008 оны сонгуульд түүнийг нэр дэвшихэд нутгийн зон олон хүлээж аваагүй. Засаг даргаар томилогдох болоход ч бас л бөөн эсэргүүцэлтэй тулгарч байсан. Гэвч мань эр намынхаа нэрээр түрүү барьж, бас АН-ын хэсэг төлөөлөгч нартай хуйвалдан Засаг даргын суудлаа олж авч байлаа. Үүний хар гайгаар Монголын торгон хил, түүхийн гашуун үнэнийг хөрс шороондоо хадгалсан Дорнын буурал тал, Халхын гол харийнхны мэдэлд шилжээд дуусах нь ээ. Ерөнхий сайдаа аймаг хувьчлаад авчихсан юм шиг дур зоргоороо загнаж суугаа Засаг дарга нарынхаа толгойг илсээр байх уу? Танай намын нэр хүнд шалны алчуур шиг газар хэвтэх нь хамаагүй юм гэхэд Монгол улсын эрх ашиг, Үндэсний аюулгүй байдлыг ч хөндөж байгаа иймэрхүү этгээдүүдэд хариуцлага тооцох болоогүй гэж үү?


Б.Цоожчулуунцэцэг

No comments:

Post a Comment